Халиа тошин үүссэн газруудад шуурхай баг ажиллаж байна

Жил бүрийн хаврын улиралд шар усны үер, булаг шандны усны халиа тошин урсаж, нийслэлийн зарим дүүргийн гэр хорооллын айл өрхүүд хүнд нөхцөлд аж төрдөг. Энэ жилийн хувьд цаг агаар харьцангуй эрт дулаарч, цас бага унасан хэдий ч Сонгинохайрхан дүүргийн 26, 40 дүгээр хорооны зарим бүсэд эрсдэлт байдал үүсээд байна. Геодези, усны барилга, байгууламжийн газрын хамт олон халиа тошингоос үүссэн их хэмжээний цас, мөсийг арилгах ажлыг эрчимтэй хийж байна.

Геодези, усны барилга, байгууламжийн газрын Далан сувгийн ашиглалт, засварын инженер Д.Ариунбаатар:

-Энэ жилийн хувьд нийслэлийн зургаан дүүргийн 10 байршилд хөрсний ус нэвчиж, халиа тошин үүсээд байна. Манай байгууллагын зүгээс бүх газарт мэргэжлийн баг гарган, ажиллуулж байгаа. Нийтдээ 8820 метр куб сувгийг механик аргаар татсан бол гар аргаар 1700 гаруй метрт суваг татаж, далан босгоод байна. Далангаас илүү гарсан мөсийг зөөж тээвэрлэсэн. 950 метр куб хайлуулагч бодис, давсыг гаргалгаа болон ил сувгуудад цацсан.

Энэ жилийн халиа тошин үүссэн 10 байршилд авто зам, гүүр болон явган хүний гүүр өртөж, цас мөсөнд дарагдсан. Эдгээрийг гараар цэвэрлэж, ус чөлөөтэй урсгах боломжтой болгодог. Байгууллагын зүгээс машин техник болон ажиллах нөхцөлөөр сайн хангасны хүчинд ажил урагштай, сайн явж байгаа.

Геодези, усны барилга, байгууламжийн газрын ерөнхий инженер С.Батсайхан:

-Халиа тошин, шар усны үерийн шалтгаан юу вэ?

-Шар усны үер бол хаврын улиралд тохиодог. Уул, хангайн цас хайлж урссанаас үүсдэг үер юм. Харин халиа тошин бол булаг шандны уснаас үүдэлтэй, өвлийн улиралд илүүтэй тохиодог. Булаг шанд орчимд айлууд зөвшөөрөлгүй бууснаас болж өвлийн улиралд булгийн ус жигд урсаж чадахгүй хахаа, бөглөрөл  үүсгэн халиа тошин бий болж, ойролцоо нь байрладаг айл өрхүүд ус, цасанд автдаг. Жил бүр нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэгт халиа тошин үүсдэг. Тиймээс манай Геодези, усны барилга, байгууламжийн газраас 10 гаруй эрсдэлт байршилд иргэдэд санамж сэрэмжлүүлэг өгч ирсэн. Энэ жилийн хувьд Толгойт гол дагуу оршдог Сонгинохайрхан дүүргийн 26, 40 дүгээр хороонд суваг татах ажлыг хийж байна. Сонгинохайрхан дүүрэгт шар усны үер болон халиа тошинд өртөх эрсдэлтэй, хамгаалалтын зурваст  буусан нийт 2316 өрх бий. Тэдний 544 нь ямар ч гэрчилгээ, зөвшөөрөлгүйгээр буусан байгаа юм. Эдгээр айл маш эрсдэлтэй бүсэд аж төрж байна. Энэ хэсэгт үерийн хамгаалалтын барилга, байгууламж байхгүй, байгалийн жалга судгаар ус, цас урсдаг. Тиймээс дүүргийн Онцгой байдлын албаныхан болон дүүргийн тохижилтын хэлтсийнхэн хариуцан ажилладаг. Тус газруудаас хүн хүч, машин механизмын дутагдалтай байдлаас болж манай байгууллагад хүсэлт гарган, мэргэжил, арга зүйн тусламж авч ажиллаж байна. Энэ жил л гэхэд тус газарт 3-4 удаа ирж ажиллалаа.

-Үерийн ус их хэмжээгээр урссанаар хөрс болон орчин асар ихээр бохирддог. Бохирдлыг бууруулахад хэрхэн анхаарч ажилладаг вэ?

-Шар усны үер, халиа тошин гэлтгүй, зуны хур борооны улиралд зуслангийн айл өрхүүдийн бохир болон жорлонгийн усаар бохирдол дамжих нь бий. Үерийн хамгаалалтын барилга байгууламжаар дамжсан нь голууд руу урсдаг. Хотын төвөөр ч бохир ус урсах аюултай. Иймээс манай байгууллага Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран халдваргүйжүүлэх ажлыг байнга зохион байгуулдаг. Газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн алдаа болон зөвшөөрөлгүй суурьшлын бүс бий болсонтой холбоотойгоор бохир ус гол, ундны усанд орж бохирдох эрсдэлд хүргэх аюултай. Үүнд анхаарч, мастер төлөвлөгөө хийж байгаа. Улаанбаатар хотыг 2040 хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, Инженерийн бэлтгэл арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд судалгаа хийж, төрөл бүрийн ажлын төлөвлөгөө боловсруулсан. Урьд жилүүдэд Дунд, Сэлбэ голд их хэмжээний шар усны үер болж, орон сууцны хонгил, зоорийн давхар, айл өрх, албан байгууллагууд усанд автаж байсан. Бид холбогдох байгууллагуудтай хамтран шаардлагатай арга хэмжээг авч ажилласан.

-Иргэд шар усны үер, халиа тошингоос урьдчилан сэргийлэх боломж бий юү?

-Манай байгууллага нийслэлийн иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг үер, усны аюулаас хамгаалах үндсэн чиг үүргээ биелүүлэн ажиллаж байна. Аюултай бүсэд зөвшөөрөлгүй хашаа байшин, гэр барьсан айл өрхүүдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгч, нүүх шаардлага хүргүүлдэг хэдий ч хууль эрх зүйн зохицуулалт тааруугаагаас айлууд нүүдэггүй. Халиа тошин үүсдэг газруудад жил бүр ирж ажиллаад байх уу, хөрөнгө мөнгө зарсаар байх уу гэдгийг шийдэхийн тулд бид зураг төсөв, төлөвлөлт хийсэн. Үерийн хамгаалалтын барилга байгууламж гэдэг асар өндөр төсөвтэй, зардал ихтэй, урт хугацаанд шийдэгддэг онцлогтой. Ганцхан жилийн дотор шийдэх боломжгүй. Гэсэн хэдий ч нийслэлийн зүгээс үе шаттайгаар анхаараад, боломжит хувилбараар олон ажлуудыг хийж байгаа.

СХД-ийн 26 дугаар хорооны хэсгийн ахлагч Т.Лянхуацэцэг:

-Геодези, усны барилга, байгууламжийн газрын хувьд 2021 оны арваннэгдүгээр сараас эхлэн манай хорооны нутагт үүссэн халиа тошинг арилгах, айл өрхүүд рүү оруулахгүй тогтоох зэрэг ажлыг амжилттай сайн хийж гүйцэтгэж байна. Миний хариуцаж буй бүсэд зөвшөөрөлгүй нутагладаг 10 гаруй айл бий. Нүүх тухай шаардлага өгсөн хэдий ч нүүгээгүйгээс болоод маш ихээр усанд автсан.  Тухайн үед айл өрхүүдийн гэр, байшин руу ус орж, бохир болон жорлон нь усаар дүүрчихсэн, маш хүндрэлтэй нөхцөлд аж төрж байсан. Энэ байгууллагынхан хурдтай, сайн ажилласны хүчинд ус татарч, айл өрхүүд рүү дахин ус, цас, мөс ороогүй гэлээ.  

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.