Л. Оюун-эрдэнэ: Хөгжлийн банкны асуудлаар ордон дотор хүч мөхөствөл олон нийтэд хандана

 Л. Оюун-эрдэнэ: Хөгжлийн банкны асуудлаар ордон дотор хүч мөхөствөл олон нийтэд хандана

Монгол Улсын Засгийн газар олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулахад авах арга хэмжээний талаар мэдээлэл хийсэн.

Энэ үеэр түүнээс Хөгжлийн банктай холбоотой асуултад хариулт авлаа.

Тэрбээр, Энэ оны нэгдүгээр сарын 27-нд Хөгжлийн банкны асуудлыг олон нийтэд ил болгож хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн. Олон нийтэд мэдээлэл ил болсноор үр дүн гарч байна. Гэхдээ зээлийн эргэн төлөлт амар биш гэдгийг хэлье.

Үндсэндээ улстөрчид тус банкны ТУЗ-д орж шууд хуваагаад авчихсан гэсэн үг. ТУЗ-ийн дарга нь Ерөнхий сайд байгаад, бусад сайд нар мэргэжлийн байгууллагын үгийг сонсоогүй. Энэ зээлийг тэр компанид, тэр гишүүнд, банкны захиралд өг гэдэг схем рүү орсон.

Шулуухан хэлэхэд Эрдэнэтийн 49, Оюутолгой, Дубайн гэрээтэй холбоотой бүлэглэл, Хөгжлийн банкан дээр ч гэсэн ажилласан. Тиймээс Хөгжлийн банкны асуудлыг гаргаж тавьсан.

Хөгжлийн банкны 1.8 их наяд төгрөгийн чанаргүй зээлд хэдхэн компани холбоотой. Та бүхэн ажиглавал Эрдэнэтийн 49 хувийг босгосон, 430 сая ам.долларыг босгосон санхүүгийн схем бүхэлдээ байгаа. Эзэд нь, тэд нарыг дэмжсэн нэр бүхий шүүгчид хамтдаа байгаа.

Энэ схем Дубайн гэрээг байгуулсан схем дээр хамтдаа оролцсон. Нөгөө л яриад байгаа хэдэн хүмүүстэй үе шаттай тэмцээд явж байна гэж ойлгож болно. Гэхдээ Б. Баттөмөр гишүүний зарласан 20 хүн бол мөсөн уулын орой гэж ойлгох хэрэгтэй. Үүний цаана нэр бүхий томоохон улстөрчид, бизнесмэнүүд сонгуулийн зардлыг төлөөд утсан хүүхэлдэй болгосон улстөрчид араас нь гарч ирнэ.

Хөгжлийн банктай асуудал яригдаж хэдэн хүнд таслан сэргийлэх арга хэмжээ авч, Хөтөлийг хурааж авахад хэн хэн хамгийн их цочиж байна вэ. Тэр хүмүүс энэний ард байгаа гэж ойлгоорой.

Эрдэнэтийн 49 хувьтай асуудал яригдаж байхад 470 сая орчим ам.долларын схемийг гаргаад хууль хяналтын байгууллага болон зарим шүүгч нарын хамаарал бүхий этгээд байгааг тогтоож, зарлахад амаргүй байсан.

Цаг хугацаа орсон. Тухайн үед ТЕГ-ийн дарга нь хүртэл Эрдэнэтийн 49 хувийн талд байх нөхцөл байдал үүсч байсан. Гүйцэтгэх ажиллагаа тухайн үеийн Ерөнхий сайд дээр явж байсан. Эрдэнэт, Оюутолгойн асуудал шийдэгдсэн шиг Хөгжлийн банкны асуудал шийдэгдэнэ. Битгий эргэлзээрэй.

Ордон дотор хүч мөхөствөл олон нийтэд хандана. Ерөнхий сайдын хувьд тэр бүрийг нээлттэй яриад байх албан тушаалтан биш. Тиймээс Хөгжлийн банктай холбоотой асуудалд цэг тавина. Шаардлагатай бүх мэдээлэл нууцлалтай холбоотой асуудлыг Засгийн газар гаргаж өгсөн. Хууль хяналтын байгууллага хэнээс ч хараат бус ажиллах ёстой гэв.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.