АН-ын эвлэрлийн төлөө Ж.Батсуурь зөв нүүдэл хийлээ

 АН-ын эвлэрлийн төлөө Ж.Батсуурь зөв нүүдэл хийлээ

Хоёр тамга, хоер даргатай үйл ажиллагаа явуулж ирсан АН-ын дотоод маргаан эцэслэгдэж, Улсын дээд шүүхээс  Ардчилсан намыг төлөөлж, С.Эрдэнэ нарын ирүүлсэн “Намын дүрмийн нэмэлт, өөрчлөлт бүртгүүлэх” тухай хүсэлтийг хэлэлцэж, дүрмийн өөрчлөлт нь  Улс төрийн намын тухай хуульд нийцсэн гэж үзсэн.

Тиймээс АН-д явагдсан буй сунгаа хууль бус болж байгаа агаад УИХ-ын гишүүн Ж.Батсуурь уг сунгаанаас нэрээ татаж байгаагаа зарлалаа.  Түүнтэй хамт экс Ерөнхийлөгч Х.Баттулга өрсөлдөж байсан юм.

Ийнхүү уг сунгаанаас нэрээ татсан шалтгаанаа Ж.Батсуурь тайлбарлахдаа “Булаалгасан боломжоо эргүүлэн авна гэсэн мөрийн хөтөлбөртэй ажиллалаа. Гэвч сонгуулийн сурталчилгааны явцад буюу гуравдугаар сарын 31-ний өдөр Дээд шүүх Ардчилсан намын дүрмийн шинэчлэлийг бүртгэн авснаар шинэ нөхцөл байдал үүссэн. Тиймээс Дотоод сонгуулийн хорооноос шинэчилсэн дүрмийн дагуу сонгуулийг шинэчлэн зохион байгуулахыг хүссэн ч татгалзсан хариу авлаа. Тиймээс миний бие сонгуулиас нэрээ татаж байна” гэлээ. Өөрөөр хэлбэл, Ж.Батсуурь энэ сонгууль хууль бус болохыг зарласан хэрэг.

 Ийнхүү Х.Баттулгаас бусад нь жинхэнэ АН дээрээ эвлэлдэн нэгдэх бололтой. Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр намын гишүүддээ хандаж эвлэлдэн нэгдэхийг уриалсан юм. Мөн С.Эрдэнийн зүгээс Улсын дээд шүүхийн бүртгэж авсан шинэ дүрэм журмын дагуу намын шинэ даргаа тодруулна гэдгээ зарласан.

 Тэгэхээр Х.Баттулга энэхүү хууль бус сунгаагаар 100 хувийн санал авлаа ч АН-ын дарга болж чадахгүй юм.

УИХ-ын хоёр дараалсан сонгуульд ялагдсан хүлээсэн нь АН-ын дотооод хэрүүл талцалтай холбоотой. Нэн ялангуяа Х.Баттулгын оролцоотойгоор АН гудамжинд гарсан гэхэд буруудахгүй. Өнөөдөр ч тэрбээр АН-ыг хагалан бутаргах ажлаа хийсээр байгаа билээ.

Энэ талаар хуульч Х.Тэмүүжин “Мөнгөөр ардчиллыг биш авлигыг л худалдаж авдаг! АН-ын гишүүдийн гайхшран, эргэлзэн харж, зарим нэг нь бахдан дагаж яваа энэ “СУНГАА” сунгаа биш л дээ. Яг үнэндээ хойдууд Баттулгаар дамжуулж АН-ыг худалдан авах, Женкогийн тоглоомын намаар ардчиллыг “шоглоом” болгох ажил л хийгдэж байгаа! ҮБХ сунгаа зарлаагүй байхад зөвхөн зохион байгуулалт хариуцах ёстой Дотоод сонгуулийн хороо сунгаа зарлаад, эзэддээ гавьяа байгууллаа, хариуд нь тийм албан тушаал өг хэмээн наймаалцаж, сунгааг хийдүүлнэ гэдэг угаасаа дүрмийн бус луйварын ажил төдий зүйл!

Хэцүүхэн хэрүүл, сэхэхгүй хор найруулгатай дахиад нэг жилийг АН туулах нь. Гадна, дотны сорилтоо давж нэг нам хэвээрээ үлдэх үү, тарж бутраад үзэл зарчмаараа зам замаа хөөхүү гэдэг их сонголтын өмнө ирлээ!” гэж нүүр номдоо байр сууриа илэрхийлсэн бий.

Ардчилсан намд өнөөдрийнхөн хувьд жинхэнэ шинэ сэргэлт хэрэгтэй байгаа. Үүнийг ч АН-ынхан өөрсдөө олж харж байгаа гэж найдъя. Ямар ч байсан тамга тэмдэг, дарга цэрэг тойрсон хэрүүл нь нэг  талдаа гарснаар АН үзэл бодол, үнэт зүйлээ олж авах хамгийн гол нь эвлэлдэн нэгдэх шаардлагатай болж байна.  Үүний төлөө Ж.Батсуурийн улс төрийн өнөөдрийн нүүдэл нь зөв тэгээд ч үүрдийн дайсан ба нөхөр гэж байдаггүй.

Эх сурвалж: News.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.