ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА: Архины хэрэглээг бууруулах гол арга нь татварын зөв бодлого

 ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА: Архины хэрэглээг бууруулах гол арга нь татварын зөв бодлого

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас дэлхийд 1 жилд 3 сая, өөрөөр хэлбэл 1 минутад 6 хүн нас барж байна.
Улс орнууд архины хэрэглээг бууруулахын тулд худалдан авах боломжийг нь хязгаарлах, үнэ болон татварын механизмаар дамжуулан эрэлтийг багасгах, олон нийтэд эрүүл мэндэд үзүүлэх хор нөлөөг таниулах, мэдлэг олгох үр дүнтэй бодлогыг дэмжих зэрэг олон арга хэмжээ хэрэгжүүлдэг.

Эдгээрээс “үнэ болон татварын механизмаар дамжуулан эрэлтийг бууруулах” бодлого олон оронд үр дүнтэй хэрэгжиж байна. Жишээ нь:

• ОХУ дэлхийд архины хэрэглээгээр 13-т ордог бөгөөд нийт хэрэглээний 51%-ийг хатуу цагаан архи, 38% шар айраг, 11% дарс зэрэг эзэлж байна. 2021 оны 1-р сарын 1-ээс согтууруулах ундааны онцгой албан татварын хэмжээг нэмэгдүүлсэн. Этилийн спиртийн эзлэх хувь 9%-аас давсан согтууруулах ундааны онцгой албан татварыг өмнөх онтой харьцуулахад 4% -аар онцгой албан татвар ногдуулах бүтээгдэхүүн дэх усгүй спиртийн литр тутамд 566 рубль хүртэл нэмсэн байна.
• АНУ архины хэрэглээгээр дэлхийд 25-д ордог. АНУ-ын согтууруулах ундааны хамгийн өндөр татвартай 10 мужид Вашингтон ($32.52), Орегон ($21.98), Вержина ($19.93), Алабама ($19.15) ордог. Жишээ нь Мериланд мужид архи согтууруулах ундаа худалдах үнийг 3 хувь нэмэхэд спирт, архины хэрэглээ 5.1, шар айраг хэрэглээ 3.2 хувиар буурсан.
• Финлянд Улсад архи, согтууруулах ундаанд ногдуулах албан татвар 2017-2020 онд нийт 3.6 хувиар нэмэгдсэн байна. Ингэснээр дээрх жилүүдэд гэр бүлийн хүчирхийллийн улмаас нас барсан тохиолдол өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 1.3 хувиар, зам, тээврийн ослоор нас барах тохиолдол 24 хувиар, утаа болон гал түймрийн улмаас нас барах тохиолдол 19 хувиар буурчээ.
• Беларусьд архины онцгой албан татвар 2008-2015 оны хооронд 9,7 дахин өсөж, архины үнэ 10.1 дахин өссөн (12.7-128.3 рубль болсон, 1 литр тутамд). Энэ үед нэг хүнд ноогдох архины борлуулалт 25.9%-аар, нийт архины борлуулалт 27.4%-аар, нийт архины хэрэглээ 13.2%-аар буурсан байна.
• Их Британи Улсад татвар ба нэгжийн доод үнэ гэсэн хоёр үндсэн аргаар согтууруулах ундааны үнийг өсгөдөг байна. Тус улсад эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг бүтээгдэхүүн болох архи, согтууруулах ундаа, тамхинд НӨАТ-VAT-г тооцдог бөгөөд үндсэн үнийн 20%-ийг авдаг байна. Ингэснээр Нэгдсэн татварын сангийн 32.6%-ийг бүрдүүлж чаддаг, эргээд нийгмийн эрүүл мэндийг дэмжих бодлого, стратегиуддаа зарцуулдаг байна. Татварын хэмжээг нэмснээр өсвөр насныхны дундах согтууруулах ундааны хэрэглээ багасчээ.
• Канад Улс согтууруулах ундаанд татвар ноогдуулахдаа тухайн бүтээгдэхүүнд орсон спиртийн агууламжаас хамаараад татварын хэмжээг тооцдог. Өөрөөр хэлбэл агуулагдах спиртийн хэмжээ их байх тусам татвар нь өндөр байдаг байна. Жишээ нь Бритиш Колумбиа мужид хамгийн бага үнэтэй согтууруулах ундааны татварыг 10 хувиар нэмэхэд согтууруулах ундааны шалтгаант нас баралт-31.7 хувь, архины шалтгаанд эмнэлэгт хэвтэлт 8.95 хувь, зам тээврийн осол – 18.1 хувь, хүчирхийлэл, зөрчил 9.2 -9.4 хувиар буурсан.
• Герман Улсад архины татварыг тухайн согтууруулах ундааны төрлийн спиртийн агууламж болон хэмжээнээс (литр) хамаарч тооцдог. 20 градусын согтууруулах ундаанд борлуулалтын үнэ /цэвэр/-ийн 20 хувийн татвар авдаг. 4.5 хувийн хатуулагтай шар айрагнаас 4.5 хувь, 45 градусын шилтэй архинаас 45 хувь, өөрөөр хэлбэл цэвэр борлуулалтын үнийн бараг тал хувийг авдаг. Үүн дээр нэмүү өртгийн албан татвар нэмэгддэг.

Судалгаанаас үзэхэд өндөр хөгжилтэй болон хөгжиж буй 17 орны согтууруулах ундааны татвар 10-60 хувийн хооронд байна. Харин ядуу буурай орнуудын архи, согтууруулах ундааны татвар 15-20% байна.

Өндөр хөгжилтэй буюу өндөр орлоготой улс орнуудад согтууруулах ундааны үнэ 10%-аар нэмэхэд хэрэглээ 5.1%-7.7%-аар буурсан үзүүлэлт гарчээ. Дунд болон бага орлоготой улс орнуудад үнийн өөрчлөлт нь хэрэглээнд шууд нөлөөлдөг байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.