ГУТАЙН ДАВАА-ХӨМҮҮЛ ГОЛЫН ЭХИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА БАЙГУУЛЛАА

 ГУТАЙН ДАВАА-ХӨМҮҮЛ ГОЛЫН ЭХИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА БАЙГУУЛЛАА

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны А/72 дугаар тушаалаар Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумдын нутгийг дамнан орших Гутайн даваа-Хөмүүл голын эхийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааг Хэнтий аймгийн Биндэр сумын төвд байгууллаа.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар дархан цаазат газар, байгалийн цогцолборт газарт зохих шатны Засаг даргатай зөвшилцөн, хамгаалалтын захиргаа байгуулах асуудлыг шийдвэрлэдэг. Гутайн даваа-Хөмүүл голын эхийн байгалийн цогцолборт газрыг Монгол Улсын Их Хурлын 2020 оны 46 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан байдаг.

УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВСАН ҮНДЭСЛЭЛ

27 голын эх, ай сав газар – цэнгэг усны үнэ цэнэтэй эх сурвалж.

Дэлхийн байгаль хамгаалах сангаас дэлхийн хэмжээнд зайлшгүй анхааран хамгаалах шаардлагатай 35 экобүсийн нэг Амар мөрний эх болох Онон голын ай савд хамаардаг. Чингэлтэй, Балж, Хөмүүл, Баруун, Зүүн Гутай, Тулгат, Шургадаг, Наймт, Арангатай зэрэг Онон голд цутгадаг 27 голын эх, сав газар. Энэ утгаараа Монгол хүний төдийгүй, Амар мөрний сав дагуух ОХУ, Хятад улсын нутагт амьдарч буй 75 сая хүний эрүүл, аюулгүй амьдрах орчныг хангахад онцгой үүрэгтэй, үнэ цэнтэй нутаг.

Ойн экосистемийн хэвийн үйл ажиллагааг хангахад чухал нөлөөтэй.

Ойн санд болц гүйцсэн болон дунд насны шинэсэн ой голлох ба хус, торлог мөн бий. Энэ нь гол мөрний ус, чийгийн горимыг тогтвортой барих зохицуулах, хуваарилах ач холбогдол өндөртэй учраас экологийн тэнцвэрт байдлыг хангахад чухал нөлөөтэй. Ойн сангийн талбайгаар тооцоход нэг жилд 5,130,8648 тонн цэвэр хүчилтөрөгч ялгаруулж агаарыг цэвэршүүлэх экологийн үйлчилгээг үзүүлж байгаа нь 665,746 хүний жилийн хэрэгцээ юм. Энэ нь түүний хамгааллын үнэ цэнийг илтгэнэ.

Ховордож буй хөхтөн амьтдын чухал орогнол, нүүдлийн коридор нутаг.

Энэ газар хандгай, халиун буга, бор гөрөөс, зэрлэг гахай, хүрэн баавгай зэрэг ховордож буй хөхтөн амьтдын зүйлээр нэн баялаг болох нь судалгаагаар тогтоогдсон ба тэдний хувьд чухал орогнол, идээшил, нүүдлийн коридор нутаг болдог.

Цэнгэг усны загасны нөөцийг зохистой ашиглах менежментийг хэрэгжүүлдэг.

Онон, Балж голуудад цэнгэг усны индикатор болох тул, зэвгэ, цурхай, варлан, улаан живэрт зэрэг 28 зүйлийн загас бий. 2008 оноос судалгаанд үндэслэн батлагдсан төлөвлөгөөний дагуу спорт загасчлалын аялал хөгжүүлж байгаа ба сумдын Засаг захиргаа, нутгийн иргэд, аялал жуулчлалын компани, олон улсын болон орон нутгийн байгаль хамгаалах байгууллагууд хамтран ажилладаг. Байгалийн нөөц ашигласны орлогоос тодорхой хувийг эргээд байгаль хамгаалалд зарцуулж байгаа сайн туршлага бий.

Ховор ургамлын өлгий.

Энэ газар 260 зүйл ургамал бүртгэгдсэнээс 19 нь ховор, 15 нь нэн ховор ургамал. Эмийн болон ашигт ургамал нь нийт ургамлын зүйлийн 31% эзэлж байгаа нь хамгааллын үүднээс төдийгүй байгалийн нөөцийг тогтвортой ашиглах боломжийн хувьд ч нэн чухал газар болохыг баталгаажуулдаг байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.