Хилийн боомтуудыг төмөр зам болон авто замаар бүрэн холбоно

 Хилийн боомтуудыг төмөр зам болон авто замаар бүрэн холбоно

Монголын эдийн засгийн чуулган-2022-ийн урьдчилсан хэлэлцүүлэг Боомтын сэргэлт сэдвийн хүрээнд боллоо.

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд зам, тээврийн салбарын болон боомтын дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр үндсэн таван зорилт дэвшүүлсэн. Хилийн боомтуудыг төмөр зам болон хатуу хучилттай авто замаар үе шаттайгаар бүрэн холбож ачаа тээврийн урсгал , тээвэр, логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэн,ачаа тээврийн урсгалыг сайжруулна.

Мөн Монгол Улсыг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлан , эдийн засгийн чөлөөт бүс, хуурай боомтуудыг үе шаттайгаар байгуулах замаар худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, агаарын зайн ашиглалтыг сайжруулан, дамжин өнгөрөх нислэгийн тоог нэмэгдүүлж, агаарын тээврийн либералчлалыг үе шаттайгаар хэрэгжүүлж, ачаа тээврийн зангилаа төвийг бий болгож, аялал жуулчлалыг дэмжих зорилт тавьсан.

Хэлэлцүүлгийн эхэнд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Хилийн боомтын дэд бүтцийн холболт сэдвээр мэдээлэл хийж, бодлогоо танилцууллаа. Тэрбээр:

Монгол Улсын Засгийн газраас баталсан Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичгийн хүрээнд өнгөрсөн онд Адцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 1255км төмөр зам барих төсөл орсон.Үүнээс гадна Богд хан төмөр зам төсөл , төмөр замын шинэчлэлийн ажил, Хөөт- Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн баруун босоотөмөр зам, Зүүнбаян-Ханги , Таван толгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслүүд бий.

Энэхүү төмөр замууд ашиглалтад орсноор Монгол Улсын экспортын хэмжээ нэмэгдэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих, трассын дагуу байх 230 орчим уул уурхайн бүтээгдэхүүн эдийн засгийн эргэлтэд оруулж, 13 мянган байнгын ажлын байр , 23 мянган түр ажлын байр бий болно гэлээ.

Мөн автозамын салбарт 15 боомтыг хатуу хучилттай авто замаар холбоно.Хилийн боомтуудыг хатуу хучилттай авто замаар холбосноос зорчигчийн болон тээврийн хэрэгслийн тоо хоёр дахин нэмэгдэж, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлж, 25 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортод гаргаж , нүүрс тээвэрлэлтийн хэмжээг гурав дахин нэмэгдүүлнэ.

Нисэхийн салбарын хувьд манай улсад өнөөдөр агаарын замын дөрвөн боомт бий.Үүн дээр гурван нисэх буудлыг байнгын ажиллагаатай агаарын замын боомт болгон нэмэгдүүлнэ.Цаашдаа ачаа тээврийн болон зорчигчийн тэр дундаа аялал , жуулчлалын гол бүс нутаг руу чиглэсэн урсгалыг холбох боломж бүрдэнэ.Ингэснээр ОХУ, БНЧУ, БНХАУ зэрэг 20 орчим орны 150 гаруй хот руу нислэг гүйцэтгэх боломжтой болж, зорчигчийн болон ачаа тээврийн урсгал нэмэгдэх, төвлөрлийг сааруулахад дэмжлэг болно.

Хилийн боомтууд дахь ачих,буулгах байгууламж буюу терминалын хувьд өнөөдөр зөвхөн Гашуун сухайт болон Шивээхүрэн боомтод ажиллаж байна. Цаашдаа Булган, Ханги, Бичигт боомтууд дээр хийгдэнэ.

Энэхүү төслүүд хэрэгжсэний ачаа нэвтрүүлэх хэмжээ багадаа 55.4 сая тонн буюу 2019 онтой харьцуулах 47 хувиар өсөх тооцоо байна.Холимог тээврийн логистикийн хувьд Гашуун сухайт, Алтанбулаг боомтод түлхүү ажиллана. Уламжлалт технологиос гадна хөрш орны хилийн боомт дээр нэвтрүүлж буй шинэ технологийг өөрийн улсдаа нэвтрүүлэх хэрэгцээ үүсээд байна. Тиймээс хамгийн түрүүнд Гашуун сухайт, Шивээхүрэн , Ханги боомтод БНХАУ -ын талаас тавьж байгаа ухаалаг тээврийн систем буюу жолоогүй тээврийн хэрэгсэл, дүүжин тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

Дээрх төслүүд амжилттай хэрэгжсэнээр Монгол Улсын хэмжээнд ядуурлын түвшин 6.2 пунктээр буурч , Улаанбаатар хотын хүн ам 5.6 хувиар буурч, төвлөрөл саарч , дотоодын нийт бүтээгдэхүүн 52.2 их наядаас 58 их наяд төгрөг буюу 11.2 хувиар нэмэгдэх төлөвтэй байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.