Ардчилсан намын даргын сонгуулийн сурталчилгааны хаалт болов

 Ардчилсан намын даргын сонгуулийн сурталчилгааны хаалт болов

НЭР ДЭМЖИГЧИД 14 ХОНОГИЙН ХУГАЦААНД 21 АЙМГИЙН ГИШҮҮД, ДЭМЖИГЧИДДЭЭ ХҮРЧ АЖИЛЛАА

Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчид Монгол улсын 5 дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, Жамбын Батсуурь нар өнөөдөр нийслэлийн иргэдтэй уулзаж, гишүүд , дэмжигчиддээ мөрийн хөтөлбөрөө танилцуулснаар сонгуулийн сурталчилгааны хаалтаа хийлээ.

Нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааныхаа нээлтийг Хэнтий аймгаас эхлүүлж, эх орноо нар зөв тойрч Нийслэлд хүрэлцэн ирснээр ийнхүү орон даяар тархан суусан гишүүд дэмжигчиддээ хүрч, ажиллаа. Өнөөдрийн уулзалтад Нийслэлийн Бага-хангай , Баянзүрх, Налайх, Сүхбаатар дүүргүүдийн гишүүд, дэмжигчид оролцсон юм.

Нэр дэвшигчидтэйгээ уулзаж, үгээ хэлж, үзэл бодлоо хуваалцахаар танхим дүүрэн цугласан гишүүд, дэмжигчиддээ хоёр нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөө танилцуулахын зэрэгцээгээр Монгол улсын өмнө тулгамдаад байгаа асуудал, ажилгүйдэл, ядуурал зэрэг нийгэм эдийн засгийн асуудлаар байр сууриа илэрхийлж, сонирхсон асуултуудад нь хариулт өглөө.

Ардчилсан нам өнгөрсөн хоёр удаагийн УИХ-ын сонгуульд парламентад хэт цөөнх болсон. Тиймээс одоо хоёр жилийн дараа болох сонгуульд амжилттай оролцож, ялалт байгуулах нь дан ганц Ардчилсан намын асуудал бус цаашид Ардчилсан Монгол улс байх уу,үгүй юу гэдэг үндэстний том асуудал учраас энэ удаагийн намын даргын сонгууль чухал ач холбогдолтой гэж уулзалтад оролцогсод онцолж байлаа. Мөн энэ сунгаа сүүлийн сунгаа байж, шүүхийн шатанд тус намтай холбоотой маргаан эцэслэгдэх ёстой гэсэн байр суурийг уулзалт бүрээр иргэд хэлж байсан юм.

Ардчилсан намд эв нэгдэл юу юунаас илүү чухал.Ганц хүний дарангуйлалаас болж, үндэсний хэмжээний нам доройтолд орсныг санаж, эв нэгдлийг хангаж, би биш бид гэсэн сэтгэлээр ажиллаарай гэсэн үгийг АН-ын гишүүд дэмжигчид хоёр нэр дэвшигчиддээ уламжилж байсан юм. Ийнхүү АН-ын даргын сонгуулийн сурталчилгааны 14 хоногийн хугацаанд өнөөдрөөр өндөрлөж байна.

Сонгуулийн санал хураалт 4-р сарын 3ны өдөр болно. Намын нийт гишүүдийн олонхийн саналаар сонгогдсон даргыг 4-р сарын 7-нд болох АН-ын их хурлаар ёсчлон батламжлах юм. Мөн өдөр Ардчилсан намын баярын өдөр тохиож байгаагаараа давхар онцлогтой. Ардчиллын цэнхэр туг үргэлж мандан бадарч, хөгжлийн зам өөд хөтлөх болтугай.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.