У.ЗОЛЖАРГАЛ: ХОРИХ АНГИ, ЦАГДАН ХОРИХ БАЙРНЫ ХЯНАЛТЫГ САЙЖРУУЛАХ ТАЛААР ПРОКУРОРЫН ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЭЭД БАЙНА

 У.ЗОЛЖАРГАЛ: ХОРИХ АНГИ, ЦАГДАН ХОРИХ БАЙРНЫ ХЯНАЛТЫГ САЙЖРУУЛАХ ТАЛААР ПРОКУРОРЫН ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЭЭД БАЙНА

УЕПГ-ын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс ШШГЕГ-ын харьяа хорих анги цагдан хорих байруудад техникийн хяналт , хамгаалалтыг , хууль , тогтоомжийн дагуу зохион байгуулж байгаа эсэхийг шалгасан байна.Улсын хэмжээнд явагдсан уг хяналт шалгалтын талаар тус хэлтсийн хяналтын прокурор У.Золжаргалаас тодрууллаа.

Прокурорын байгууллагаас хорих анги, цагдан хорих байруудын камерын хяналтыг шалгасан байна. Шалгалтын хүрээнд хэчнээн байгууллагын үйл ажиллагааг хамруулсан бэ?

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих анги, цагдан хорих байруудад техникийн хяналт, хамгаалалтыг хууль, тогтоомжийн дагуу зохион байгуулж байгаа эсэхийг улсын хэмжээнд шалгасан. Шалгалтад улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 21 хорих анги,  29 цагдан хорих байрыг хамруулсан. “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай” хууль болон түүнд нийцүүлэн гаргасан журамд зааснаар хоригдлын зорчих бүсийг заавал телекамерын хяналтад байлгахаар зохицуулсан байдаг. Прокуророос энэ хуулийн хэрэгжилтийг хэрхэн хэрэгжүүлж байгааг газар дээр нь үзэж танилцсан.

Шалгалтаар ямар зөрчлүүд илэрсэн бэ?

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага техникийн хяналт, хамгаалалтыг хэрхэн хэрэгжүүлж байгааг шалгахад илэрсэн зөрчлүүдээс дараах гурван төрлийн зөрчил дийлэнх хувийг эзэлж байна. Нэгдүгээрт, хорих анги, цагдан хорих байруудад олон тооны телекамер суурилуулан хоригдол, хоригдогчийн хөдөлгөөнд хяналт тавьж байгаа боловч хорих анги, цагдан хорих байрны зарим өрөө тасалгаа, хоригдол, хоригдогчийн зорчих бүсийг бүрэн телекамерын хяналтад оруулаагүй зөрчил илэрсэн. Хоёрдугаарт, одоо ашиглагдаж байгаа зарим телекамерын болон бичлэгийн төхөөрөмжийн ашиглалтын хугацаа дууссан, өнгө дүрсний чанар муу, шаардлага хангахгүй болсон зөрчил мөн цөөнгүй гарсан. Гуравдугаарт, хорих анги, цагдан хорих байруудад олон тооны телекамер суурилуулан ашиглаж байгаа боловч түүнд хяналт тавих телекамерын хяналтын ажилтан хангалттай биш байна. Прокурорын байгууллагаас удаа дараа зөрчлийг арилгуулах талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шаардлага, албан бичиг хүргүүлж байсан боловч төсөв, хөрөнгө хүрэлцдэггүй, орон тоо байхгүй гэдэг шалтгаанаар хууль, тогтоомжийг хэрэгжүүлэлгүй өдийг хүртэл явж ирсэн нь тогтоогдсон.

Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар прокурорын байгууллагаас ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

Телекамерын хяналтыг хуульд заасан шаардлагын хэмжээнд хэрэгжүүлж ажиллаагүйгээс олон сөрөг үр дагавар үүсэх нөхцөл байдлыг бий болгодог. Тухайлбал, хорих анги, цагдан хорих төв, байруудад гэмт хэрэг, зөрчил гарах, эрүүдэн шүүх, хорих анги, цагдан хорих байр, алба хаагчдын аюулгүй байдалд эрсдэл учрах, хоригдол, хоригдогчийн эрх зөрчигдөх нөхцөл бүрдсэн байна гэж дүгнэсэн. Ийм учраас хуулиар тогтоосон журмыг хэрэгжүүлж, илэрсэн зөрчлүүдийг арилгах, хүний эрхийг зөрчихөөс урьдчилан сэргийлэх талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад прокурорын шаардлага хүргүүлсэн. Шаардлагын мөрөөр авсан арга хэмжээ, хийж гүйцэтгэсэн ажил, үр дүнгийн талаар 15 хоногийн дотор прокурорын байгууллагад мэдэгдэх ёстой.

Прокурорын байгууллага ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажлын чиглэлээр  энэ онд ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?

Прокурорын байгууллага 2022 онд хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийтийн эрх ашгийг хамгаалах, зөрчигдөхөөс сэргийлэх зорилт тавьсан. Энэ зорилтын хүрээнд ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих чиглэлээр эхний ээлжинд улсын хэмжээнд хорих анги, цагдан хорих байруудын камерын хяналтыг шалгаж дууслаа. Камерын хяналт стандарт шаардлагад нийцсэнээр хоригдол, хоригдогчийн эрхийг хамгаалах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.

Одоо тус хэлтсээс хорих ангиас суллагдсан хүнийг нийгэмд дасан зохицох, нийгмийн амьдралд эрх тэгш оролцох боломжийг бүрдүүлэх чиглэлээр холбогдох байгууллагуудаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүнг болон хорих ял эдэлж байгаа хоригдлуудын сурч, боловсрох эрхийг хэрхэн хангаж байгаа байдлыг улсын хэмжээнд шалгаж байна.     

Цаашдаа прокурорын байгууллага ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажлын хүрээнд хүний эрхийг хамгаалах чиглэлээр шат дараатай олон ажил хийхээр төлөвлөж байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.