2021 оны байдлаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 74.5 хувийн биелэлттэй байна

 2021 оны  байдлаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 74.5 хувийн биелэлттэй байна

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өчигдрийн (2022.03.28) хуралдаанаар Монгол улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны хэрэгжилтийг хэлэлцэв. Байнгын хорооны хуралдаанд энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б. Жавхлан танилцууллаа.

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 203 дугаар тогтоолоор батлан хэрэгжүүлж байгаа юм. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 2021 оны байдлаар 74.5 хувийн (өссөн дүнгээр 19.5 хувь) хэрэгжилттэй байна.

Хөтөлбөрийн хэрэгжилтийг бодлого тус бүрээр дурдвал

• КОВИД-19 халдварт цар талаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого – 88 хувь;

• хүний хөгжлийн бодлого- 78.5 хувь;

• эдийн засгийн бодлого- 70.9 хувь;

• засаглалын бодлого- 76.6 хувь;

• ногоон хөгжлийн бодлого- 65 хувь;

• нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого- 79 хувийн тус тус хэрэгжилттэй байгааг Б. Жавхлан сайд танилцуулав.

Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд 9 зорилго, 47 зорилтын хүрээнд 2021-2025 онд 243 арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталж, Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор батлагдсан Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам-ын дагуу 2021 оны явцын дундаж үнэлгээ 79.3 хувийн биелэлтийн гарчээ.

Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд үр дүнтэй хэрэгжиж байгаа томоохон зорилт, арга хэмжээнээс Сангийн сайд дурдсан.

Тухайлбал, иргэдийн цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур хэрэглэсний төлбөр, цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөрийн тодорхой хувийг Засгийн газраас хариуцан төлсөн. Мөн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100.0 мянган төгрөгт хүргэж нэмэгдүүлсэн, иргэн бүрт 300 мянган төгрөгийн нэг удаагийн тэтгэмж, 2.2 сая насанд хүрэгчдэд 50 мянган төгрөгийн урамшуулал олгосон талаар дурдлаа. Мөн хүн амын Коронавируст халдварын эсрэг вакцины нэгдүгээр тунд 69.8 хувь, хоёрдугаар тунд 66.8 хувь, гуравдугаар тунд 31.6 хувь, дөрөвдүгээр тунд 3.4 хувийн хамруулаад байгаа бөгөөд цар тахал эхэлснээс хойш нийт 36.360 монгол иргэнээ эх оронд нь илрүүлэх ажлыг зохион байгуулсан байна.

Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа 10.0 их наяд цогц төлөвлөгөөний хүрээнд ажлын байрыг дэмжих зээлд 1.9 их наяд төгрөг, репорт санхүүжилтийн зээлийн хүрээнд нийт 789.8 тэрбум төгрөг, ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 925 тэрбум төгрөг, хөдөө аж ахуйг дэмжих болон малчдын дэмжих зээлийн хүрээнд 384.2 тэрбум төгрөг тус тус олгоод байгаа гэлээ.

2021 оны байдлаар 40 цэцэрлэг, 32 сургууль, 5 спорт заал, 12 дотуур байрыг ашиглалтад оруулжээ. Түүнчлэн дулааны 4 дүгээр цахилгаан станцын хүчин чадлыг 46 МВт-аар өргөтгөсөн байна. Оюутолгой төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх ажлын явцад үр дүн гарч, хөрөнгө оруулагч тал өмнө нь үүссэн 2.3 тэрбум ам долларын өрийг 100 хувь барагдуулж, ирээдүйд тооцогдох 22 тэрбум ам долларын өр үүсэхгүй болсоноор тус төслийн Засгийн газрын эзэмших хувь Монгол улсад үнэ төлбөргүй ирэх боломжтой болсон юм. Үүний зэрэгцээ гүний уурхайн үйлдвэрлэлийг 2022 оны нэгдүгээр сарын 22-нд эхлүүлсэн юм.

Цахим үйлчилгээний нэгдсэн www.e-mongolia.mn системд төрийн 562 үйлчилгээг нэгтгэж төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, хүнд сурталгүй болгоход ихээхэн ахиц гарсаныг мөн танилцуулагад дурдсан.

Монгол Улс 2020 оны арваннэгдүгээр сарын 12- ны өдрөөс эхлэн 2 жилийн хугацаанд долоон удаа тогтоосон хатуу хөл хорионд нийт 79 хоногийг өнгөрөөж, бусад үед нь гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд байсан.

Экспорт тасалдаж, олон улсын ачаа тээврийн эргэлт эрс удааширч, хичээл сургууль танхимаар хичээллэх боломжгүй болж, үйлчилгээний бүхий л газрууд үүд хаалгаа барьж, 200 гаруй мянган ажлын байр эрсдэл орж, эдийн засаг 1992 оноос хойш анх удаа 5.3 хувь хүртэл агшиж, улсын төсвийн орлого 23 хувиар тасарсан нэн хүнд цаг үеийг даван туулж Засгийн газраас цар тахилын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг хангах бэхжүүлэх, Алсын хараа- 2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжих суурь нөхцлийг бүрдүүлэх, хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэх зорилго бүхий Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж эхлээд байгааг Б. Жавхлан сайд Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийн танилцуулгад тэмдэглэв.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.