Иргэд зөвхөн асуудал ярих биш, санал, санаачилга гаргаж байна

 Иргэд зөвхөн асуудал ярих биш, санал, санаачилга гаргаж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчтай уулзах хүсэлт иргэдээс олон ирдэг. Иймээс Хотын даргын зүгээр салбар хариуцсан орлогч нар болоод Улаанбаатар хотын Ерөнхий менежер, Ерөнхий архитекторын иргэдтэй уулзах хуваарийг баталсан. Хуваарийн дагуу өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва иргэдтэй уулзлаа. Уулзалтад Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Байгаль орчны газар, Мэргэжлийн хяналтын газар, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв, Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын дарга, удирдлагууд оролцсон юм.

Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хорооны иргэн Б.Одхүү Би Улаанбаатар хотын унаган иргэн. Тиймээс ч хотод нэн түрүүнд тулгамдаад байгаа хүрээлэн буй орчны бохирдол болон нийтийн тохижилт, үйлчилгээний нэгдсэн стандартад санал нэмэх үүднээс тантай уулзаж байна. Манай хорооны нутаг дэвсгэр буюу Нарангийн гол орчимд  айл өрхүүд олноороо суурьшсанаас агаар, орчин ихэд бохирдсон. Нэг хашаанд нэг айл оршин суух байтал 3-4 өрх амьдарч байна. Үүнээс үүдэн яндан бүрийн тоогоор агаар бохирддог. Нөгөөтээгүүр, манай хороонд  золбин ноход маш их байна. Үүнийг журамлаж өгөөч. Нарангийн энгэрт байршдаг оршуулгын газарт зөвшөөрөлгүйгээр, нууцаар хүн тавих боллоо. Байгаль экологийн тэнцвэр алдагдаж хуурайшилт их болж байна. Тиймээс манай хороонд хиймэл нуур байгуулж, саарал ус ашиглах технологийг нэвтрүүлэх шаардлагатай. Эдгээр асуудлыг анхааралдаа авч, шийдэж өгнө үү. Би ном их уншдаг, докторын зэрэг хамгаалсан хүн. Хороонд номын сан байгуулна гэхэд ихэд дэмжсэн. Гэтэл автобусны буудлын дэргэд сагсны талбай байгуулсан нь стандартад нийцэхгүй санагдана гэсэн саналуудыг хэллээ. 

Нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва:

 -Иргэн Б.Одхүү өөрийн асуудлыг шийдэх гэж биш, хотын хөгжил дэвшилд нэмэр болохуйц санал санаачилга гарган уулзаж байгаад талархаж байна. Нийслэл Улаанбаатар тулгамдсан асуудлыг жагсаавал маш урт жагсаалт болно. Эдгээрт таны нэрлээд байгаа агаар, орчны бохирдол, хог хаягдал, нийтийн тээврийн үйлчилгээнээс эхлээд золбин нохой, муурны асуудал хүртэл багтаж байдаг. Энэ бүгдийг стандартчилах ёстой гэдэг таны санал маш зөв. Бид хотоо хөгжүүлэх суурь шинэчлэл нь эрх зүйн шинэчлэл байх юм гэдэгт санал нэгдсэн. Тиймээс ч Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн батлуулаад, дагаж мөрдөж эхэлсэн. Хуулиа дагалдуулан Хотын дүрмийг боловсруулж байна. Саяхан НИТХ-аар 9 бүлэг 38 нэр төрлийн стандартыг батлан гаргалаа. Цаашлаад хотыг эдийн засгийн чадамжтай болгох, иргэн нэг бүрийг ажил, орлоготой болгох гэхчлэн маш олон ажлыг төлөвлөж байна. Хот эрх зүйн болоод санхүүгийн чадамжтай болгохын төлөө ажиллахад Хотын дарга болоод удирдлагын багийнхан бидний түшиг тулгуур нь Улаанбаатар хотын иргэд болон хувийн хэвшлийнхэн, дээр нь ухаалаг технологи юм. Таны хөндөн тавьсан асуудлыг нэг бүрчлэн нягтлан шалгах болно. Ялангуяа золбин нохой болон оршуулгын газрын нөхцөл байдлыг газар дээр нь очиж судална. Бусад асуултын хариуг яг одоо мэргэжлийн хүмүүс өгөх болно” хэмээн өгүүллээ.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга М.Чинсанаа:

-Улаанбаатар хотын суурьшлын бүсэд байршиж буй хуучны оршуулгын газрыг цэгцлэх ажлыг бид эхлүүлсэн. Хамгийн эхэнд олны нэрлэж заншсан Самбалхүндэвийн оршуулгын газрын 64.3 га газарт төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг ирэх дөрөвдүгээр сараас эхлүүлнэ. Зөвхөн 10 га-д л гэхэд 10.739 хүний оршуулга байгаа. Ар гэрийнхэнтэй нь холбогдохоос эхлээд маш их ажил өрнөж байгаа. Золбин нохой, муурны гомдол Сонгинохайрхан дүүрэгт төдийгүй Чингэлтэй дүүргийн иргэдээс ч ирдэг. Нийслэлийн зүгээс журам боловсруулсан боловч буцаагдсан. Тиймээс журмаа дахин боловсруулж, яаманд өгөхөөр ажиллаж байна.

Нийслэлийн Байгаль орчны газрын дарга М.Нямбаяр:

-Нийслэлийн ойр орчимд эко системийг хамгаалж, агаар, орчны бохирдлыг бууруулах үүднээс 2018 оноос хиймэл нуур буюу хөв байгуулж эхэлсэн. Одоогийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн Баруун салаа орчимд хоёр, Баянзүрх дүүргийн Хонхорт нэг хөв байгуулсан. Ирэх жилүүдэд 20-иод хөв нэмж байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Саарал усны тухайд авто угаалгын газрууд, жижиг дунд үйлчилгээний газруудад саарал усыг дахин ашигладаг болгох стандартын баримт бичиг боловсруулж байгаа хэмээн өгүүлсэн.

Иргэдийн уулзалтад оролцсон удаах хүн бол Ж.Гэрэлмаа. Тэрбээр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 32 дугаар байрны В1 давхарт жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлж буй бөгөөд ажлын байраа хаалгасан тул нээж өгнө үү гэсэн хүсэлт тавьсан юм. Иргэн Ж.Гэрэлмаа одоогоос жил гаруйн өмнө 32 дугаар байрны гараашийн зориулалттай В1 давхрыг худалдан авч үйлдвэрээ нээсэн байна. Гэтэл тус байрны оршин суугчид болоод СӨХ-ноос гомдол гаргаж, гомдлын дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас ажлын байрыг нь хаахад хүрчээ. Уг асуудал даамжирсаар шүүхэд шилжсэн бөгөөд шүүхийн шийдвэр гараагүй тул нийслэлийн удирдлагуудын зүгээс ямарваа нэгэн шийдвэр гаргах боломжгүй гэдгийг тайлбарласнаар уулзалт өндөрлөсөн.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.