Нийслэлд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ажлын явцын талаар зөвлөлдлөө

 Нийслэлд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ажлын явцын талаар зөвлөлдлөө

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар шуурхай зөвлөгөөнийг удирдан зохион байгуулж,  энэ онд нийслэлд  хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаар хэлэлцсэн юм.

Нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалтын 605 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ

2022 онд нийслэлд улс, нийслэлийн төсөв, нийслэлийн замын сангийн хөрөнгө болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжих 605 төсөл, арга хэмжээ батлагдсан. Үүнээс 576 төсөл, арга хэмжээний эрхийг шилжүүлж, 21-ийнх нь эрх шилжүүлэх ажил бэлтгэл шатандаа яваа юм.  Эрх шилжүүлэх үйл явц 96.5 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд өмнөх долоо хоногоос 5.7 хувиар өссөн дүн гарчээ. Захирамж гарч, эрх шилжсэн 576 төсөл, арга хэмжээний 119 нь он дамжин хэрэгжиж буй.

Нийт хөрөнгө оруулалтын ажлуудаас 303 төсөл нь нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих юм. Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хэрэгжих 139,  орон нутгийн сангийн хөрөнгөөр хийх  78, улсын төсвөөр хэрэгжих  85 төсөл, арга хэмжээ байна.  2022 онд шинээр тендер зарлан хийж, хэрэгжүүлэх ажлаас 115 ажлын тендер зарлагдаагүй,  баримт бичиг боловсруулах шатандаа байгаа гэв. Улсын төсвийн хөрөнгөөр хийх ажлын 69.8 хувийнх нь тендерийг зарлаад байгаа бол нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийх ажлын 74.1 хувь, замын сангийн хөрөнгөөр хийгдэх ажлынх 90.6 хувь, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлын  61.9 хувийнх нь сонгон шалгаруулалтыг зарлаад байна. Сонгон шалгаруулалт зарлагдсан төслүүдийн 12 ажлын гэрээг байгуулж, бусад нь үнэлгээ хийх болон тендерийн материал хүлээн авах зэрэг шатандаа байгаа юм.

Валютын хязгаарлагдмал байдал, бараа материалын хангамжаас үүдсэн асуудал тулгамдаж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар холбогдох байгууллагуудын удирдлагуудаас цаг үеийн онцлогт тохирсон ямар ажлыг хэрхэн гүйцэтгэж байгаа, тулгамдсан бэрхшээл юу байгаа  талаар тодрууллаа.

Нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва “Гуравдугаар сарын 17-ноос хойш нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажлын хувьд зургаан аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж, 200 гаруй ажил тендерийн шатандаа байгаагийн дээр сонгон шалгаруулалтад орох аж ахуйн нэгж цөөн байна гэдэг чамлалттай хэрэг. Хэрэв эдгээр ажлуудыг энэ ондоо багтаан хийхгүй, он дамжихад хүрвэл илүү их алдагдалд орно гэдгийг онцгойлон анхааръя. Урьд өмнөх жилүүдээс он дамжин орж ирсэн ажлуудын хувьд нийслэлд ч, аж ахуйн нэгжид ч хүндрэл учруулдаг. Тиймээс эдийн засгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, үр дүнг нарийвчлан тооцъё” гэсэн юм.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан:

-Энэ жилийн хувьд 103 ажлыг шинээр эхлүүлж буй бол он дамжсан 30 ажил байна. Түүнчлэн замын сангийн хөрөнгөөр хийж гүйцэтгэх 50 төсөл бий. Эдгээрээс зураг төслөөс шалтгаалан хүлээгдэж буй зургаан ажил байна. Үнэ ханшийн өсөлт манай салбарын бүтээн байгуулалтад нөлөөлөхөөр байгаа. Тиймээс үнийн өсөлтийг 25 хувиар нэмж бодсон хэдий ч аж ахуйн нэгжүүд зарим ажилд оролцохгүй, санал өгөхгүй байна. Манай салбарын гол бүтээгдэхүүн битум байдаг. Гэтэл битум тасалдахад хүрсэн. Битум нийлүүлэгч компаниудад үнийн тогтворжуулалт хийх санал боловсруулж салбарын яам руу илгээгээд байна.

Нийслэлийн Засаг даргын Төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөх Ч.Батзориг:

-Томоохон төслүүд болоод авто замын төслүүдийн хувьд тулгамдаж буй асуудал бол газрын нөхөн төлбөр. 2020 онд нөхөн олговрын индекс 0.71 байсан бол Барилга, хот байгуулалтын яамнаас 0.81 болгох саналыг Сангийн яаманд хүргүүлсэн. Үүнээс шалтгаалан газар чөлөөлөлтөд олгодог нөхөн олговрын зөрүү  20 тэрбум гаруй төгрөгт хүрч байна. 43 тэрбум төгрөг төсөвлөсөн байсан ч 68 тэрбум төгрөг болон нэмэгдэхээр байгаа. Сангийн яам индексийг батлах юм бол нөхөн олговорт дахин төсөв хөрөнгө шаардлагатай болно.

Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар:

-Бараа материалын үнийн өсөлт хил гаальтай холбоотойгоор үүссэн бол дахин нэг асуудал тулгамдаж байна. Энэ нь валютын нөөцийн хязгаарлалттай холбоотой хүндрэл юм. Аж ахуйн нэгжүүд бараа материал, түүхий эдээ татах гэхээр ам.доллар, юань, рубль олдохгүй байна гэсэн гомдол мэдүүлж байна. Тиймээс бид хөрөнгө оруулалтад оролцож буй аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг гаргаж, гаднаас бараа материал оруулж ирэх, худалдан авахад нь дэмжлэг үзүүлэхгүй бол зураг төсөл, зөвлөх үйлчилгээ замын ажлаас бусад ажлууд, тэр дундаа барилгын ажил зогсох эрсдэл үүссэн. Дотооддоо хийж буй арматур, бетон зуурмаг, каракас, суурь угсралт хийгдэхээс бус, барилгын гадна фасад, дотоод засал гэх мэт ажлууд хийхэд бэрхшээлтэй болно. Орон сууцны нөөц хомс байна.

Олимпын гүүр, Налайхын замын явган хүний гарцын ажлыг зургадугаар сарын 30 гэхэд бүрэн дуусгахыг үүрэг болголоо

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Энэ жилийн хувьд гадаад нөхцөл байдлаас шалтгаалсан хүндрэл биднийг тойрохгүй, дайрах нь тодорхой боллоо. Өнгөрсөн хоёр жилийн турш цар тахлын амаргүй нөхцөлд ажиллаж ирсэн бол энэ жилийн хувьд БНХАУ-ын дотоодод ковид дахин сэргэж байгаа болон ОХУ, Украины цэрэг дайны нөхцөлтэй холбоотойгоор бэрхшээл учрах нь тодорхой байна. Дэлхийн захуудын ханш маш савлагаатай байна. Хоёр хөршийн нөхцөл байдал биднээс шалтгаалахгүй байгаа хэдий ч улсын ажил, нийслэлийн хөрөнгө оруулалт тасалдах ёсгүй. Одоо бидэнд цаг хугацаа алтнаас үнэтэй. 2022 он бол хамгийн чухал он. Тэр дундаа энэ оны дөрөв, тавдугаар сар маш хариуцлагатай сар шүү. Улаанбаатар хот эдэлбэр газар, автомашин, үл хөдлөх хөрөнгөө тоолж, өөрсдөө бүртгэдэг, татвар хураамжийг нь авдаг,  биржийн үйл ажиллагааг ч өөрсдөө явуулдаг болох хэрэгтэй байна. Ингэж цэгцлэхгүй бол Улаанбаатар хот эзэнгүй айл шиг байна.

Түүнчлэн аж ахуйн нэгж, байгууллагуудаа торгох, шийтгэх, зогсоох биш, үйл ажиллагаа явуулах, орлого олох боломж,  нөхцөлөөр бүрэн дүүрэн хангах хэрэгтэй хэмээн өгүүлээд дараах үүрэг даалгаврыг холбогдох алба, агентлагийн дарга нарт өглөө.

-Олимпын гүүрийн явган замын ажил болоод Налайхын замын явган хүний гарцын ажлыг зургадугаар сарын 30-н гэхэд бүрэн дуусгах

-2022 онд улс, нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сан, замын сангийн хөрөнгө оруулалтаар хийх ажлуудын худалдан авах ажиллагаа, тендерийн ажлуудыг  эрс эрчимжүүлэх

-Мэргэжлийн байгууллагууд хоорондын уялдаа холбоог сайжруулж, тулгамдсан асуудлыг тухай бүр шуурхай шийдвэрлэж, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл, хяналтыг бүхий л шатанд сайжруулах

-Худалдан авах ажиллагааны цахим системд цаг тухайд нь ажлаа тайлагнаж, хугацаанд нь тайлагнаагүй удирдах албан тушаалтан, албан хаагчид хариуцлага тооцохыг үүрэг болголоо.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.