Горхи-Тэрэлжийн тусгай хамгаалалттай газар нүхэн жорлонгоор дүүрээд байна

 Горхи-Тэрэлжийн тусгай хамгаалалттай газар нүхэн жорлонгоор дүүрээд байна

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ болон холбогдох албаныхан Горхи-Тэрэлжийн тусгай хамгаалалттай байгалийн цогцолбор газарт ажиллалаа.

Горхи-Тэрэлж нь Улаанбаатар хоттой ойролцоо амралт, жуулчны баазууд төвлөрсөн бүс тул жилийн дөрвөн улиралд олны хөл тасардаггүй. Үүнээс гадна тус газар нь нийслэлийн ундны усны эх үүсвэр гэдгээрээ онцлогтой.

Харамсалтай нь, амралтын газар ажиллуулж буй иргэдийн нүхэн жорлон, хог хаягдлаас шалтгаалан хөрсний бохирдол нь ихсэж, усны эх дээр байршуулсан нүхэн жорлонгийн тоо олширч, хяналт тавихад хүндрэлтэй байгааг тусгай хамгаалалтын захиргааныхан хэлж байна.

Үүнээс гадна орон нутгийн эрх мэдэлтнүүдийн шийдвэрээр газар авч, зөвшөөрөлгүйгээр гэр амралтын газар ажиллуулж буй хэсгүүд ч нөхцөл байдлыг улам дордуулж байгаа юм. Тодруулбал, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ болон тус яамны холбогдох ажилтнууд Дугуй цагаан хэмээх газар очиход эдгээр гэрэл зурагт харагдаж буй орчин угтсан юм. Тус хэсэг газрыг 2012 онд Горхи-Тэрэлжийн тусгай хамгаалалттай газар нутгаас хассан байна. Түүний дараагаас орон нутгийн буюу Төв аймгийн Эрдэнэ сумын үе үеийн удирдлагууд иргэдэд өмчлөх газар олгож эхэлснээр энэ байдал үүсжээ.

Өнөөгийн байдлаар Горхи-Тэрэлжийн тусгай хамгаалалттай байгалийн цогцолбор газрыг хаяа залгасан орон нутгийн зөвшөөрлөөр (Дугуй цагаан) 3500 орчим айлд өмчлөх эрхээр газар олгочихсон байгаа аж. Эдгээр газар өмчилж авсан иргэдийн нэлээд хэсэг нь зөвшөөрөлгүй, мөн ойр орчимд нь гэр буудлын үйлчилгээ үзүүлдэг байна. Тийм ч болохоор хашаа бүр нэг биш нүхэн жорлон үүсгэжээ.

Нүхэн жорлонгоос гадна голын ай сав даган үүссэн хур хогны асуудал ч анхаарлын гадна үлдээж болохооргүй болж тэлсэн байгаа юм. Энэ бол товчоор хэлбэл Улаанбаатар хотод амьдарч буй 1.7 сая иргэний ундны усыг бохирдуулж буй шууд үйлдэл билээ. Түүнчлэн нийслэлийн иргэдийн ундны усны эх эзэнгүй, хяналтгүй байгааг тус нөхцөл байдал харуулж байна.

Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар тусгай хамгаалалттай газар нутагт Байгаль орчин, аялал жуулчлалын яамны шийдвэрээр газар олгогдох ёстой. Гэвч орон нутгийн шийдвэрээр газар олгосонтой холбоотойгоор Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаа хяналтаа явуулахад хүндрэлтэй болж зөрчилдөх болжээ. Улмаар хуулийн байгууллагад хандаад байгаа аж.

Түүнчлэн ундны усны эх дээр нохой чарга ажиллуулдаг компаниудад орон нутаг зөвшөөрөл олгож, байгаль орчныг давхар хохироож буй асуудал хөндөгдөж байв. Энэ мэт асуудлаас болж ундны усны эх, хөрс бохирдож байгаа асуудлыг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ анхааралдаа авч, ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.