Энэ онд нийслэлд 74 га талбайг ойжуулна

 Энэ онд нийслэлд 74 га талбайг ойжуулна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Хурлаар Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг Улаанбаатар хотод хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг Нийслэлийн Байгаль орчны газрын дарга М.Нямбаяр танилцуулав.

Тэрбээр Тэрбум мод хөдөлгөөнийг нийслэлд 2030 он хүртэл гурван зорилтын хүрээнд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, ойжуулалт, нөхөн сэргээлтэд 12.948 га талбайд 20.7 сая мод, бүх төрлийн хамгаалалтын ойн зурваст 3350 га-д 4.5 сая мод, мөн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба 65 сая мод нийслэлийн суурьшлын бүсэд тарьж, ургуулахаар бэлдсэн. Ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн төслийг олон улсын байгууллага, хувийн хэвшил, иргэний оролцоотой өрнүүлж 29.8 сая мод, нийт 120 сая модыг нийслэлд тарьж ургуулна. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, ойн хомсдол, доройтлыг бууруулах, усны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор түймэрт өртсөн, хөнөөлт шавжинд идэгдсэн, мод бэлтгэсэн талбайг нөхөн сэргээх, ойжуулах ажлыг хийхээр төлөвлөсөн. 2022 онд нийслэлд 131.4 га-д ойжуулалт, ойн нөхөн сэргээлт, ойн зурвас байгуулахаар төлөвлөн ажиллаж байна хэмээв.

Нийслэлийн хэмжээнд ойжуулалт, мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэй 115 байгууллага байдаг. Үүнээс 29 газар нь 49.6 га талбайд үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрт 4.6 сая тарьц, суулгацын нөөц бий.  

Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд нийслэлд есөн арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлэхээр  төлөвлөжээ. Тодруулбал, мод үржүүлгийн агро ойн аж ахуйн газар байгуулахад ус ашиглалтын төлбөрөөс хөнгөлөх, ойн мэргэжлийн байгууллагад мод үржүүлгийн зориулалтаар газар олгох дэмжлэг үзүүлэх, мод тарих соёлыг нутагшуулах урт хугацааны нөлөөллийн аяныг хийх, мод үржүүлгийн аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт эдлүүлэх эрх зүйн баримт бичиг боловсруулах, зээл бий болгох, урамшуулах зэрэг ажил хийхээр төлөвлөсөн байна.  Мөн гуравдугаар сарын 28-нд Тэрбум мод зөвлөгөөнийг зохион байгуулах юм.

Хотын дарга Ерөнхийлөгчийн санаачилсан тус хөдөлгөөний чухлыг дурдаад, Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, үүнтэй ажлуудаа уялдуулах, иргэдийг идэвхтэй хамруулах хэрэгтэйг онцоллоо.

Урлаг соёл, спорт, аялал жуулчлалын 36 арга хэмжээ зохион байгуулна

Улаанбаатар хотод 2022 онд аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр зохион байгуулах олон улсын чанартай урлаг соёл, спорт, аялал жуулчлалын арга хэмжээний төлөвлөгөөг танилцуулав. Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Соёл урлагийн газар, Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Улаанбаатар театр хамтран 2022 онд жуулчдад зориулан урлаг соёл, спорт, аялал жуулчлалын 36 арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Тухайлбал, Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Зочлох үйлчилгээний ур чадварын тэмцээн, үзэсгэлэн худалдаа, олон улсын мото наадам, Үндэсний болон олон улсын хоолны наадам, Шонхорын баяр, Морьт харвааны олон улсын фестиваль, олон улсын марафон зэрэг 14 арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.

Харин Нийслэлийн Соёл урлагийн газраас Улаанбаатар венийн үдэш бүжгийн цэнгүүн, Гэгээ муза олон улсын театрын наадам, сонгодог урлагийн олон улсын гала фестиваль, Монгол туургатны бүжгийн их наадам,  Жазз Сити олон улсын хөгжмийн наадам, Улаанбаатар XIV олон улсын кино наадам зэрэг 14 арга хэмжээг зохион байгуулах юм. Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын хувьд сурагчдын Улаанбаатар лиг сагсан бөмбөгийн тэмцээн, бүх нийтийн хөл бөмбөгийн аян, Улаанбаатар олон улсын марафон зэргийг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар зөвхөн энэ арга хэмжээнүүдээр хязгаарлахгүйгээр  үйл ажиллагаа зохион байгуулаарай гэдгийг сануулав.

“Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк”-ын нэрийг өөрчлөх асуудлыг танилцуулав

Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк ОНӨТҮГ-ын үндсэн чиглэл, 

дүрмийг шинэчлэн батлуулах, паркийн бүсийг тогтоох тухай тус газрын дарга Б.Мягмар танилцууллаа.

 Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк ОНӨТҮГ нь 2014 онд байгуулагдсан. Энэ хугацаанд үерийн усны барилга байгууламж, борооны ус цуглуулах төв шугамын зураг төсөв, паркийн хамгаалалтын бүсийн зураг төсөв, паркийн дотор инженерийн шугамын зураг төсөв, технологийн усан хангамжийн зураг төсөв, гидрогеологийн  судалгаа зэрэг ажлыг хийж гүйцэтгэж ирсэн. Тус газрыг Эмээлт эко аж үйлдвэрийн парк нийслэлийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулах санал гаргаж, дүрмийг шинэчлэн боловсруулжээ. Ингэснээр дэлхийн жишигт нийцсэн хөдөө аж ахуйн паркийг байгуулах замаар Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, эдийн засгийн өрсөлдөх чадвар, ажлын байрыг нэмэгдүүлэх, экспортын чиг баримжаатай бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм.

Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк ОНӨТҮГ-ыг Эмээлт эко аж үйлдвэрийн парк НӨААТҮГ болгон өөрчлөхийг НИТХ-аар хэлэлцүүлэхээр болов.

16 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын асуудлыг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлнэ

Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2022 онд санхүүжих 16 Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга угсралтын ажлын явц, барилгын чанар, аюулгүй байдлын талаар дүгнэлт гаргах, зарцуулсан хөрөнгө оруулалтын хэмжээг тогтоож, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн дүгнэлтийг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө танилцуулсан юм.

Засгийн газрын 2013 оны тогтоолоор Улаанбаатар хотод 72 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барихаар шийдвэрлэж, энэхүү төслийн гүйцэтгэгчээр Рич голден буллс эдукэшн ХХК-ийг шалгаруулж, концессийн гэрээ байгуулсан. Гэвч тус компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүй тул 2019 онд концессийн гэрээг хүчингүй болгожээ.

Өдгөө 16 сургууль, цэцэрлэгийн барилгыг үргэлжлүүлэхээр Монгол Улсын 2022 оны төсөвт долоо, нийслэлийн 2022 оны орон нутгийн төсөвт есөн бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг барих хөрөнгийг баталсан. Эдгээр сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга угсралтын ажлын явц нэг нь 100 хувьтай байгаа бол дөрөв нь 30-35, 11 нь 10 хувьтай байна.

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, дээрх 16 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг холбогдох хууль, журамд нийцүүлэн боловсруулж, Засгийн газрын хуралд оруулж, хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг ханган, гуравдугаар сарын 28-ны дотор танилцуулах үүргийг өглөө.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.