Ц.Нямдорж: Үндсэн хуулийг дахиж өөрчлөхөд удна, хоёр сайдаа хурдан томилъё гэж ЕС-д хэлсэн

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулах үеэр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржоос шинэ хоёр сайдыг хэзээ томилох талаар тодрууллаа.
-Сөрөг хүчнээс хоёр сайдаа хурдан томил гэж шаардаж байна. Хэзээ томилох вэ?
-Хоёр сайдыг томилох асуудал яригдаад л байна. Одоохондоо яамдын төрийн нарийн бичгийн дарга, нэг дэд сайдыг томилсон. Өнгөрсөн долоо хоногт ч би намын удирдлагатай энэ талаар ярьсан. Яаралтай сайд нараа томилмоор байна гэдгээ илэрхийлсэн.
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулсны дараа сайд нарыг томилохоор хүлээж байна гэж нийгэмд яригдаж байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах уу?
-Тийм хардлага байдаг л юм. Гэхдээ Үндсэн хуулийг нэмж өөрчлөхөд удна. Тийм хурдан болчихдог зүйл биш.
-Тэр хүртэл одоогийн сайдын үүрэг гүйцэтгэгч нар байна гэсэн үг үү?
-Ярьж байгаад шийдвэр гаргах байх аа.