“Төр засагт мөнгө, авлига хэрэгтэй байгаа бол малчид үнэт эдлэлээ өгье гээд аваад ирсэн”

 “Төр засагт мөнгө, авлига хэрэгтэй байгаа бол малчид үнэт эдлэлээ өгье гээд аваад ирсэн”

Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр сумын иргэд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Баянхонгор аймгийн уугуул иргэн С.Зоригтбаатар “2010 оноос хойш олон улсын хөрөнгийн бирж дээр алтны бүслүүр олсон талаар мэдээлэл цацаж хөрөнгө босгож, олон лиценз авсан Эрдэнэ Монгол гэдэг компани мазаалай, ховор эмийн ургамлууд, тэмээн сүргийн бэлчээр нутгийг ухах гээд байна. 

Тухайн орд нь Оюутолгойн ордоос дөрөв дахин том. Энэ компани дотроо олон охин компанитай. Тэднийгээ ашиглаад тус ордыг стратегийн ордын ангилалд оруулалгүй 5-6 хуваан жижиглэсэн. Хамгийн жижиг хэсэг нь гэхэд 10 тонн алтны нөөцтэй. 

Өнгөрсөн 30 жил алт ухсан ч Монгол Улс хөгжсөнгүй. 1990 оноос өмнө арван иргэний нэг нь ядуу байсан бол одоо арван иргэний тав нь ядуу болсон байна. 

Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Баян-Овоо гээд суманд баахан нүх үлдсэн байгаа. 

Эрдэнэ Монгол компани малчдыг доромжилж чихэр, боорцог, гурил будаа тараасан. Мөн залуучуудад 500 мянган төгрөгийн тэтгэлэг данс руу нь шилжүүлсэн. Аймгийн удирдлагуудад 2.8 тэрбум төгрөгийн авлига өгнө гэдгээ мэдэгдсэн байгаа. Тиймээс өнөөдөр малчид АТГ-т очиж гомдол гаргана. 

Тухайн компанийн эзэмшиж байгаа зургаан лицензийн хоёр нь ашиглалтын, дөрөв нь хайгуулынх байна. 

Нутгийн иргэдийн зүгээс төр засгаас юу ч гуйгаагүй. Үнэхээр төр засагт мөнгө, авлига хэрэгтэй байгаа бол малчид үнэт эдлэлээ өгье гээд өнөөдөр аваад ирсэн. Нутгийг минь битгий ухаач ээ гэсэн чин хүслээ илэрхийлж байна” гэв.

Үргэлжлүүлэн Баян-Өндөр сумын иргэн Ц.Чогсом “Баялагтай нутгийнхан зовдог юм байна. Бид тайван л амьдаръя гэж бодож байгаа. 

Гаднын компанийг шүтэж амьдардаг аа болимоор байна. Бид хэтэрхий хүлцэнгүй, төр засгийнхан гаднынхантай нийлсэн чоно болчхоод байгаа. Өнөө маргаашгүй лицензээ цуцал. Өгч болсон юм чинь яагаад цуцалж болохгүй гэж. Ашигт малтмалын газар гэдэг малчин бидэнд арван таван толгойтой атгаалжин хар мангас шиг төсөөлөгддөг боллоо” хэмээн хэллээ. 

Хэвлэлийн хуралд оролцож буй малчид өнгөрсөн хоёр жилийн хугацаанд судалгаа хийсэн бөгөөд цаашид уул уурхайн үйл ажиллагааг эсэргүүцэн тэмцлийн үйл ажиллагаа өрнүүлнэ гэдгээ хэлсэн юм.  Гэрэл зургийг mpa.mn

Шинэжинст сумын малчин Ц.Отгон “Уурхайн олборлолт эхлээгүй дөнгөж хайгуул хийж байхад гайхалтай сайхан байгальтай газруудыг сүйрүүлж эхэлсэн. Манай баруун говь ямар сайхан үзэсгэлэнт байгальтай билээ. Алт гээч юмыг гаргах гээд үхэн хатан зүтгэж, хортой бодис хэрэглэнэ гэх юм. Эрдэнэ Монгол гэдэг компанийнхан та нарыг ажилтай болгоно, үр хүүхдийг чинь хэдэн үеэрээ идэх хөрөнгөтэй болгоно гээд яриад явдаг. Ийм юм болоод байна шүү, төрийн өндөрлөгүүд минь ээ. Бид бор зүрхээрээ явж байгаа. Бидэнд халамж өгөөч гэж гуйгаагүй. Харин тэр уурхайг л зогсоогоод өгөөч гэж хүсэж байна” хэмээн ярилаа. 

Говийн хөрс маш эмзэг. Уул уурхайн олборлолт хийх байтугай ундны усгүй тийм газрын гүний усыг хүчээр ашиглах гэж байна гэдгийг мөн малчид хэлж байв. Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр сумын хэмжээнд нийт 45 лиценз олгогдоод байгаа аж. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн