Б.Жавхлан: Хөгжлийн банкны зээлийн асуудалд анхаарна

 Б.Жавхлан: Хөгжлийн банкны зээлийн асуудалд анхаарна

Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан гурван хувийн хүүтэй зээлийн эх үүсвэр дууссан талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын хөтөлбөрийн хүрээнд гурван төрлийн зээл олгож байгаа. Нэгд, ажлын байрыг дэмжих, хоёр рефо санхүүжилтийг дэмжих, гуравт, ипотекийн зээл. Энэ зээлүүд бидний төлөвлөж байснаас маш их хурдан, хүртээмжтэй явж ирлээ. Гурван хувийн хүүтэй ажлын байрыг дэмжих зээлийг энэ жилд хоёр их наядыг гаргах төлөвлөгөөтэй байсан. Гэвч өнөөдрийн байдлаар хоёр их наяд төгрөг гараад дууссан. Үр дүн нь төсөв дээр маш сайн гарч байна. Нийт 5121 ААН, 17 мянган иргэнд тус зээл очсон. Бид 3500 аж ахуйн нэгжид очно гэж төлөвлөсөн. Тэгэхээр энэ зээлд зорилтод хүмүүстээ очихгүй байна гэсэн ойлголт байхгүй. Энэ бол халамж, тэтгэвэр биш. Хүн бүхэнд очих ёстой зүйл биш. Энэ бол зээл. Эх үүсвэр дууссан гэдэг нь үнэн. 200 тэрбум үлдсэн. Одоо банкууд дээр судлагдаж байгаа 400 тэрбумын зээл байна” гэлээ.

Сангийн сайд Б.Жавхлан: 

-Засгийн газарт Төрийн банк болон Хөгжлийн банкны хөгжлийн концепц чиг үүргийг нэмэлтээр  эрчимжүүлэх танилцуулгыг хийлээ. Товчхон дурдвал, Төрийн банкийг нийгмийн дундаж давхаргад илүү үйлчлэх бага орлоготой хэсгийг бойжуулж тэдгээрт шаардлагатай санхүүгийн үйлчилгээг үзүүлэх банк болгоно. Ингэснээр Төрийн банкнаас үзүүлж байгаа үйлчилгээний цар хүрээ илүү тэлнэ. Төрөөс Төрийн банктай хамтарч ажиллана. Нийгмийн дундаж давхарга гэдэг нь олон улсын тодорхойлолтоос шалтгаалж өөр, өөр байдаг. Монгол Улсын хувьд 1-3 сая төгрөг хүртэлх өрхийн дундаж орлоготой хэсгийг нийгмийн дундаж давхарга гэж үздэг. Харин олон улсад  тухайн өрх нь сарынхаа орлогоороо ипотекийн зээл, машиныхаа өрийг төлөөд бусад хувийн хэрэгцээгээ ханган хуримтлал үүсгэдэг өрхүүдийг нийгмийн дундаж давхарга гэж үздэг.

Нийгмийн дундаж давхаргыг шинээр бойжуулах, энэхүү санхүүгийн эрэлт хэрэгцээг Төрийн банкаар дамжуулж биелүүлэхээр  төлөвлөж байна. Тиймээс тус банкны үйл ажиллагааны чиг үүргийг нэмэлтээр тодорхойлж байна. Харин Хөгжлийн банкыг цаашид экспорт, импортын чиг баримжаатайгаар түлхүү хөгжүүлнэ. Учир нь, Монгол Улсад худалдааны санхүүжилт дутагдалтай байна. Ингэхдээ Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахгүй. Гэхдээ банкны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулна.

Энэ оны нэгдүгээр сараас хойш Хөгжлийн банк нэг ч зээл олгоогүй. Тус банкны нийт зээлийн үлдэгдэл гурван  их наяд төгрөг байгаагаас нэг их наяд төгрөг нь чанаргүй зээл.  Иймд шинэ зээл өгөх чадамжгүй.  Банк татан буугдах хэмжээнд хүрч болзошгүй учраас Монголбанк тус банкинд хяналт шалгалт хийж байна. Төсвөөс томоохон зээлийг санхүүжүүлэх боломжгүй тул Хөгжлийн банкийг байгуулсан. Одоогийн балансаар тус банк үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн үг. Ойрын хугацаанд бүтцийн өөрчлөлт хийнэ. Чанаргүй зээлээ хурдан эргэн төлүүлэхэд илүүтэй анхаарна. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн