ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТРЫН 90 ЖИЛИЙН ОЙД МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭВ

 ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТРЫН 90 ЖИЛИЙН ОЙД МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭВ

Мэндчилгээнд,

“Монгол Улсад орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага болох Улсын драмын эрдмийн театр байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн баярын мэндийг хүргэж, эх орныхоо болон дэлхийн тайзны урлагийн өв санг хөгжүүлэн баяжуулах, соён гэгээрүүлэх их үйлсэд шавхагдашгүй авьяас, шантрашгүй зүтгэлээ хичээнгүйлэн зориулсаар ирсэн үе үеийн уран бүтээлчид, ажилтан, албан хаагчид, үзэгчид Та бүхэндээ гүн талархал илэрхийлье.
Улсын төв театр 1931 онд их зохиолч С.Буяннэмэхийн “Үнэн” жүжгээр хөшгөө нээснээс хойш 90 жилийн хугацаанд дэлхийн болон үндэсний зохиолчдын 400 гаруй сонгодог туурвилуудыг тайзнаа дэглэн тавьж, уран бүтээлчдийн авьяас билиг, ур чадварыг хөгжүүлж, театрын урлагийн олон төрөл бие даан хөгжих их голомт болсон билээ.
1933 онд Улсын төв театрын уран бүтээлчид олон улсын театрын наадамд дэлхийн 26 театр, хамтлагаас шалгарч, хоёрдугаар байр эзэлснээс хойш уран бүтээлээрээ эх орныхоо нэрийг дэлхий дахинд дуурсгасаар ирсэн бахархам түүхтэй.
Энэхүү урлагийн ариун сүмээс төрөн гарч, алдар гавьяагаа мандуулсан зохиолч, найруулагч, зураач, жүжигчид, уран бүтээлчид улс орныхоо хөгжил дэвшлийн манлайлагч, ард түмнийхээ оюун санааны хөтөч болсоор ирсэн юм.
Монгол Улсын Их Хурлаас баталсан “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод дэвшүүлсэн үндэсний нэгдмэл үнэт зүйлсийн дархлааг бэхжүүлэн соёлын орон зайг төлөвшүүлэх, нийгмийн соён гэгээрлийг хөгжүүлэх, тэргүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд урлагийн мэргэжлийн байгууллагуудад онцгой анхаарал хандуулах болно.
Ерэн жилийн түүхэн хугацаанд бүтээлч үйлсээ мөнхлөн ажиллаж буй үе үеийн уран бүтээлчид Та бүхэн авьяас билигийн их дуудлагаар жигүүрлэж, соён гэгээрлийн дардан зам руу хөтлөн тэмүүлэх болтугай.
 
Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ
2021 оны 11 дүгээр сарын 12″ гэжээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн