ИНФЛЯЦИ 8 ХУВЬД ХҮРНЭ

 ИНФЛЯЦИ 8 ХУВЬД ХҮРНЭ

Төсвийн бодлого ямар байхаас үл хамаарч Монголбанк мөнгөний бодлого, санхүүгийн зах зээлд хэрэгжүүлэх бодлогоороо дамжуулж үнийн тогтвортой байдал, санхүүгийн тогтвортой байдлыг хангах чиглэлд ажилладаг. Инфляци ямар түвшинд байхаас шалтгаалж төв банк бодлогын хэрэгсэлдээ өөрчлөлт оруулах эсэхээ шийдвэрлэсээр ирсэн.  Нөгөө талдаа инфляцийн тогтвортой байдлыг хангахад Засгийн газрын үүрэг оролцоо өндөр учраас өнгөрсөн хугацаанд дунд болон урт хугацааны эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бодлогуудыг боловсруулж хэрэгжүүлсэн. Гэсэн ч Засгийн газар, төв банкнаас барьж буй бодлого инфляцийг нам, тогтвортой түвшинд хадгалж чадахгүй байна. Өнгөрсөн долдугаар сарын байдлаар инфляци улсын хэмжээнд 7.4 хувьд хүрсэн. Өмнөх зургадугаар сард 6.6 хувьтай байсан инфляци сарын хугацаанд 0.8 хувиар өсөөд байгаа. Инфляцийн өсөлтөд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт голлон нөлөөлдөг талтай. Коронавируст халдвар цар тахлын улмаас өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үний өсөлтөд хяналт байхгүй болсон гэж хэлж болно. Энэ асуудалд анхаарал хандуулж бодлого боловсруулах ёстой Засгийн газар, Төв банкнаас нүдээ аньж чимээгүй суусаар инфляцийн түвшин 8 хувьд хүрэхээр байна.

Уг нь худалдан авах чадвараас хамаарал багатай аливаа бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтээс шалтгаалсан үнийн өөрчлөлтөд Засгийн газар зохицуулалт хийснээр инфляцид анхаарал хандуулах боломжтой. Харин төв банкны хувьд аль нэг тодорхой бүтээгдэхүүний үнэ гэхээсээ нийт эдийн засгийн идэвхжил болон ерөнхий үнийн түвшин хэрхэн уялдаж байгаа дээр гол анхаарлаа хандуулж болно. 

Монгол Улсын хувьд эдийн засгийн бүтцээсээ хамаараад үнийн хэлбэлзэл өндөр учраас төв банкнаас инфляцийн түвшинг 8 хувиас хэтрүүлэхгүй байх бодлогыг баридаг. Гэхдээ өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдлаас харахад энэ оны сүүлээс инфляци 8 хувьд хүрэхээр байна. 

Дэлхийн ихэнх улс онууд Коронавируст халдвар цар тахлын улмаас 2020 оны эхэн үед хол хорио тогтоосны улмаас эдийн засгийн идэвхжил саарсан. Харин энэ оны тухайд олон улсад хүн амыг вакцинжуулах үйл явж эрчимтэй явагдаж хөл хориог сулруулснаар эдийн засаг сэргэж инфляци өссөн. Дотоодын шатахууны үнийн өсөлт, эдийн засгийн сэргэлттэй холбоотойгоор инфляци өсч байгааг дэлхийн төв банкууд тайлбарлаж байгаа. Харин Монгол Улсын тухайд тээвэр, логистикийн асуудал нь инфляцын цаашдын төлөвт голлох эрсдэлийг үүсгэж болзошгүй байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн