Ерөнхийлөгчийн захирамжийн талаар ХУУЛЬЧИД ЮУ ХЭЛЭВ

 Ерөнхийлөгчийн захирамжийн талаар ХУУЛЬЧИД ЮУ ХЭЛЭВ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Эрх баригч МАН-ыг тараах тухай захирамж гаргасан” талаараа энэ сарын 19-нд олон нийтэд мэдэгдсэн. Тэрбээр энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр  Улсын Дээд шүүхэд хүсэлт хүргүүлээд буй. Тэгвэл Ерөнхийлөгчийн гаргасан энэ үйлдэл хууль ёсны дагуу  хийгдсэн үү, эсвэл хууль зөрчсөн үү гэдэг дээр мэргэжлийн хуульчдын тайлбарыг тодрууллаа.


С.НАРАНГЭРЭЛ: ЕРӨНХИЙЛӨГЧ МОНГОЛ ТӨРИЙН ЖОЛООГ АТГАХ ГЭСЭН
АТГАГ САНААТАЙ ҮЙЛДЭЛ ГАРГАЛАА

Академич С.Нарангэрэл Ерөнхийлөгч Х.Баттулгын “МАН-ыг тараах тухай захирамж” хуульд хэрхэн нийцэж байгаа талаар дараах тайлбарыг өгсөн юм. Тэрбээр “Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Үндсэн хууль болон Үндсэн хуулийн шинжтэй органик бусад хуулийг ноцтой зөрчиж, Төрийн тэргүүний ёс зүйгүй, хэрээс хэтэрсэн, балмад алхам хийлээ. Үүнийг дараах байдлаар  тодорхойлж болно.

Нэгдүгээрт, Улс төрийн намын тухай хуулийг гуйвуулж, зарчмын ач холбогдолтой нэр томьёо,  үг үсгийг нь хассан мэдэгдлийг олон нийтэд хийсэн. Уг нь Улс төрийн намын тухай хуулийн 23. 2-д “Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хүч түрэмгийлэх, яс, үндэс, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, бусад орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын эсрэг үйл ажиллагаа, сурталчилгаа явуулсан буюу шашны, цэргийн болон цэрэгжсэн, фашист намын хэлбэрт шилжсэн бол Улсын Дээд шүүх намыг тараах тухай шийдвэр гаргаж, уг намыг энэ хуулийн 23.1-д заасан хугацаанд улсын бүртгэлээс хасч, нийтэд мэдээлнэ.” гэж заасан байдаг. Гэтэл Ерөнхийлөгч хийсэн мэдэгдэлдээ “Фашист” гэдэг нэр томьёог нь зориуд орхигдуулж, зөвхөн “цэрэгжсэн” гэсэн  хоёрдмол утгатай үгийг оруулсан нь хуулийг гуйвуулсан хэрэг.

Хоёрдугаарт, Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн  албан тушаалын бүрэн эрхийг хортойгоор урвуулж ашигласан. Яагаад гэвэл, өөрийг нь Ерөнхийлөгчид дахин нэр дэвшүүлэхгүй байх тухай Үндсэн хуулийн цэцийн  шийдвэр  гарсны дараа ийм хэрээс хэтэрсэн, дэндүү болчимгүй үйлдэл гаргаж байгаа нь ингэж дүгнэх үндэслэл юм. Өөрөөр хэлбэл, Монголын  ард түмний эрх ашгийн үүднээс биш  дахиж  төрийн дээд өндөр албан тушаалыг үргэлжлүүлэн хаших  хувийн атгаг санааны үүднээс энэ алхмыг хийсэн.

Гуравдугаарт, энэ мэдэгдэл алхмыг Ерөнхийлөгч хийхдээ Үндсэн хуулиар өөрт нь олгогдсон  зарим бүрэн эрхийг хортойгоор урвуулан ашигласан. Жишээлбэл, шүүгчдийг томилох эрх. Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 2-т “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.” гэж заасан байдаг. Улсын Дээд шүүх улс төрийн намын бүртгэлийг хийж байгаа. Улс төрийн нам байгуулсан үйл баримт, түүнийг тараах тухай шийдвэрийг шүүх л шийдвэрлэдэг. Гэтэл Ерөнхийлөгчийн энэ алхам Улсын Дээд шүүхийн шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцож байгаа хэрэг.

Дөрөвдүгээрт, Ерөнхийлөгч зарлиг, түүнчлэн захирамж гэсэн  эрх зүйн актыг  гаргах эрхтэй байдаг. Ерөнхийлөгчийн захирамж нь эрх хэмжээнийх нь хүрээнд гарах ёстой бөгөөд түүнийг дагаж мөрдөх ёстой хувь хүн буюу хуулийн этгээд заавал биелүүлэх хүчин чадал бүхий захирамжилсан шинжтэй байдаг. Ийнхүү Ерөнхийлөгч  Улсын Дээд шүүхийн шүүгчид рүү хандсан шүүх эрх мэдлийн торгон хилийг бүдүүлгээр давж гарсан хууль бус үйлдэл хийжээ.

Тавдугаарт, Монгол Улс бол ардчилсан тогтолцоотой, парламентын засаглалтай орон. Монголын ард түмэн ээлжит сонгуулиараа улс төрийн ямар  хүчнээр өөрсдийгөө төлөөлүүлж, Засгийн эрхийг бариулах вэ гэдгээ шийдвэрлэдэг. Нэгэнт монголын ард түмний хүсэл зоригоор олонх болсон улс төрийн намыг Ерөнхийлөгч ийм байдлаар тараана гэдэг бол  Монгол Улсын төрийн эрхийн дээд байгууллага УИХ-ыг  үгүй хийнэ гэсэн үг. Дээр нь  УИХ-аас байгуулагдсан хууль ёсны Засгийн газрыг үгүй хийнэ гэсэн үг. Тэгэхээр Ерөнхийлөгчийн энэ алхам нь Монгол Улсын Үндсэн хуулинд заасан “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаар завдахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байгаа юм. Үндсэндээ Ерөнхийлөгчийн энэ үйлдэл нь Монгол төрийн жолоог хууль бусаар атгах  гэсэн атгаг санаа агуулсан байна” гэсэн хуулийн тайлбарыг өглөө.

Б.МЭРГЭН: ЕРӨНХИЙЛӨГЧ ХУГАЦААНААСАА ӨМНӨ ЧӨЛӨӨЛӨГДӨХ
ХУУЛИЙН НӨХЦӨЛҮҮСЭХИЙГ ҮГҮЙСГЭХГҮЙ

 

Улс төрийн намыг татан буулгах, тараах хуулийн ямар үндэслэл буй талаар хуульч Б.Мэргэнээс тодрууллаа.

Тэрбээр “Улс төрийн намын  тухай хуульд намыг тараах, татан буулгах хоёр л үндэслэл бий.  Нэг нь тухайн намын Их хурал буюу Удирдах дээд байгууллага нь  өөрсдийн  шийдвэрээр тарах хүсэлтээ гаргавал Улсын Дээд шүүх ажлын тав хоногийн дотор хүсэлтийг нь шийднэ. Хоёр дахь үндэслэл нь  Ерөнхийлөгчийн дурдаад байгаа Улс төрийн намын тухай хуулийн 23.2 дахь заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр Улсын Дээд шүүхэд хүсэлт хүргүүлсэн бол шүүхээс мөн  ажлын тав хоногийн дотор намыг тараах шийдвэрийг гаргах ёстой. Гэхдээ энэ асуудлыг сөхөхтэй зэрэгцээд манай улсын  “Улс төрийн намын тухай” энэ хуулийн шинэчлэлийг ярих ёстой. Урьд нь ярьж л байсан. Гэхдээ өдийг хүртэл шинэчилж сайжруулсан зүйл алга. Яагаад энэ хуулийн шинэчлэлийн талаар яриад байна вэ гэвэл, одоо үүсээд байгаа энэ асуудлыг хуулийн хүрээнд хэрхэн тодорхойлж, ямар асуудал үүсээд байгаа зэргийг Улс төрийн  намын тухай хуулийн хүрээнд тайлбарлахад хангалтгүй байгаа юм. Жишээ нь, намыг тараах  хоёр дахь үндэслэл гээд байгаа 23.2 дахь заалтыг аваад үзье.  Ямар ч процесс байхгүй. Хэнд санал гаргах юм, хэн яаж батлах юм гэх зэрэг ямар ч процесс нь тодорхойгүй. Хэдий ийм тодорхойгүй ч хуульдаа нийцүүлээд нэг арга хэмжээ авна гэж үзвэл, үнэхээр тийм үндэсний аюулгүй  байдалд сөрөг нөлөөлөөд, нийгмийг хагалан бутаргаад,  эсвэл гадаадын байгууллагатай хамтран ажиллаад  байгаа нөхцлүүд байгаа бол тэрийг нь мэдээлэл өгч байгаа хүн нь өөрөө баримтуудаа шүүхэд гаргаж өгөх байх. Улсын Дээд шүүх тухайн баримтуудыг шүүхийн ажиллагааныхаа хүрээнд судалж ажиллаад тэр нь нотлогдож байвал татан буулгах шийдвэрээ гаргаж таарахаас өөр аргагүй. Гэтэл энэ мэдээллийг нь Ерөнхийлөгч гаргах эрхтэй юмуу. Ийм асуудлаар Ерөнхийлөгч захирамж гаргах ёстой юмуу, хуульд тийм заалт байгаа юмуу гэж үзэхээр Ерөнхийлөгчид тийм эрх мэдэл байхгүй. Яахав Монгол Улсын иргэн гэдэг утгаараа өгсөн бол нэг ойлгож болох. Гэтэл энэ удаагийн асуудал бол Ерөнхийлөгчийн институтыг төлөөлөөд захирамж гаргаж байна. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар бол Ерөнхийлөгч зарлиг л гаргана.  Гэхдээ  Ерөнхийлөгчийн тухай хуульд зарлиг, захирамж гаргана гэдэг боловч захирамж гэдэг бол хуульд яг тодорхойлогдоогүй ч нийтлэг утгаараа дотоод зохион байгуулалтын асуудлаа шийдвэрлэхэд л захирамж гаргадаг шүү дээ. Магадгүй Ерөнхийлөгчийн зөвлөхүүдээ томилох ч гэдэг юмуу байгууллагын дотогшоо хандсан шийдвэрүүдэд захирамж гаргана. Нийт ард түмэнд  хандаж гаргасан асуудалд зарлиг л гаргана. Тэгэхээр энэ удаагийн гаргасан захирамж нь ч гэсэн үндсэн агуулгатайгаа зөрчилдөөд байгаа биз. Ингэхээр хууль зүйн хүрээнд Ерөнхийлөгч ийм захирамж гаргах эрхгүй.  Ер нь бол  Үндсэн хууль гэдэг нэг талаараа иргэний эрхийг хамгаалж байгаа боловч нөгөө талаараа Төрийн эрх мэдлийг хязгаарлахад л зориулсан хууль шүү дээ. Нийтийн эрхзүйд “Төрд зөвшөөрснөөс бусдыг хориглоно, иргэнд хориглосноос бусдыг зөвшөөрнө” гэсэн зарчим үйлчилнэ гэж заадаг. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч хуульд зөвшөөрөгдсөн эрх хэмжээний хүрээнд л үйл ажиллагаагаа явуулах ёстой. Санаж байгаа бол 2007 онд УИХ-ын дарга байсан Ц.Нямдоржийг хуулиар зөвшөөрөөгүй  буюу УИХ-ын даргад хуулиар олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж хууль зассан гэж үзэж байсан. Тэр утгаар нь Үндсэн хуулийн цэцэд өгөөд УИХ-ын даргаас нь огцруулж байлаа. Тэгэхээр магадгүй Ерөнхийлөгчийн энэхүү үйлдэл нь Үндсэн хууль зөрчсөн гэдэг асуудал руу ороод  Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарчихвал хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөх, огцрох нөхцөл байдал үүсч болохоор байгаа юм. Ерөнхийлөгчийн гаргасан тэр мэдэгдэл дотор маш олон хуулийн зүйл заалтыг дурдсан байгаа юм. Гэвч тэднийг нь уншихаар үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолоо хамгаална гэсэн ерөнхий утгатай баахан  заалт бий. Ер нь захирамж гаргасан үндэслэлээ маш сайн гаргаж өгөх ёстой. Жишээ нь Ерөнхийлөгчийн тухай хууль, Үндсэн хуульд заасан тийм заалтыг үндэслэн ийм захирамж гаргах ёстой гээд маш тодорхой үндэслэлтэй байх ёстой. Гэвч ямар хуулийн заалтыг үндэслэж ийм захирамж гаргасан гэдэг нь тодорхойгүй” гэсэн юм.

Ё.БЯМБАТОГТОХ: ЭНЭ ТОХИОЛДОЛД ИМПИЧМЕНТИЙН АСУУДЛЫГ СӨХӨЖ БОЛНО
 

Хуульч Ё.Бямбатогтохоос Ерөнхийлөгчийн гаргадаг зарлиг, захирамжийн шинж чанар, ялгагдах онцлогийн талаар хуулийн тайлбар мэдээлэл авлаа.

Тэрбээр “Ерөнхийлөгчийн тухай хууль гэж бий. Тус хуулийн есдүгээр зүйлд “Ерөнхийлөгч зарлиг болон захирамж гаргана” гэж заасан байдаг. Зарлиг нь ямар шинж чанартай байх вэ гэвэл, Ерөнхийлөгчийн зарлиг нь Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх буюу эрх зүйн үр дагаврыг шууд бий болгодог акт гэж хэлж болно. Захирамж бол Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ  хүрээнд шийдэх асуудал биш. Тийм учраас  ерөнхийлөгч захирамж гаргалаа гэхээр шууд эрхзүйн үр дагавар үүсэхгүй. Өөрөөр хэлбэл, ийм захирамж гаргалаа гээд тухайн намыг татан буулгах үндэслэл болохгүй гэсэн үг. Улс төрийн намын тухай хуулийн 23.2-д заасан зүйлийг тухайн нам зөрчсөн тохиолдолд Улсын Дээд шүүхэд мэдээлж шийдвэрлүүлэх хуулийн зохицуулалт бий. Ерөнхийлөгч нэгэнт захирамж гаргаад Улсын Дээд шүүхэд хандаж байгаа бол Улсын Дээд шүүх энэ асуудал дээр албан ёсоор тайлбар өгөх үүрэгтэй гэж ойлгож болно. Түүнээс бус Ерөнхийлөгчийн санаачилгаар нэг намын үйл ажиллагааг  тараах эрх зүйн үндэслэл байхгүй.

Монгол Улсын Үндсэн хуулийн 30 дугаар зүйлд “Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн тэргүүн бөгөөд Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч юм” гэж заасан байдаг. Ерөнхийлөгч сонгогдсоноосоо хойш 30 хоногийн дотор “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргээ шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” гээд УИХ-д тангараг өргөдөг. Гэтэл Ерөнхийлөгчийн өчигдрийн гаргаж байгаа энэ үйлдэл  бол үндэсний эв нэгдлийг хамгаалах бус харин хагалан бутаргах, улс төрийн хямралт байдал руу  улс орноо оруулах ийм алхмыг хийсэн  гэж үзэх үндэслэлтэй. Энэ нь  өөрийн бүрэн эрхийн хүрээнд хууль ёсны үйлдэл гэхээс илүүтэй цэвэр улс төрийн шинжтэй алхам боллоо гэж дүгнэж болно. Цаашлаад агуулгаараа бол Монгол Улсын Үндсэн хуулийн 34.2-д зааснаар “Ерөнхийлөгчийн зарлиг хуульд нийцээгүй бол Ерөнхийлөгч өөрөө буюу УИХ хүчингүй болгоно” гээд заачихсан байгаа. Гэтэл Ерөнхийлөгч зарлиг бус захирамж гаргасан. Тэгэхээр үүнийг нь УИХ хүчингүй болгох боломжгүй. Захирамж нь шууд эрхзүйн үр дагавар үүсгэхгүй гэдгийг өмнө нь дурдсан. Энэ тохиолдолд Ерөнхийлөгчид ийм үйлдэл хийсэнд хариуцлага хүлээлгэх нэг үндэслэл байгаа.  Тэр нь “Импичмент”.Импичмент гэдэг нь төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэдэг хэлбэрийг хэлээд байгаа юм. Үндсэн хуулийн 35.2-д “Ерөнхийлөгч тангарагаасаа няцаж, Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн УИХ-аар хэлэлцэн нийт гишүүдийн дийлэнх олонхийн саналаар огцруулж болно” гэж заасан байдаг” гэлээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн