Самарт явсан зургаан залуу угаартан нас баржээ

 Самарт явсан зургаан залуу угаартан нас баржээ

Сэлэнгэ аймгийн Мандал суманд 22-46 насны зургаан хүн угаартаж нас барсан харамсалтай хэрэг өчигдөр (2021.04.12) гарчээ. Хэргийг тодруулбал, Мандал сумын Түнхэл багт оршин суух  Т, Г, Ү, О, Х, М  нар нь хулгайн замаар нууцаар самарт явж байхдаа бүхээгтэй битүү машины тэвшин дээр унтаж байгаад угаартаж нас барсан байна. Хэргийг тус сумын цагдаагийн хэлтэс шалгаж эхэлжээ.

Мөн дөрөвдүгээр сарын 2-нд Төв аймгийн Мөнгөнморьт сумын уулнаас шатаж, нас барсан 40 гаруй насны эмэгтэйн цогцос олдсон байна. Тус эмэгтэй нь Налайх дүүргийн харъяат иргэн байсан бөгөөд уулнаас самар түүхээр тус аймагт очсон байжээ. Хамт явсан хүмүүс нь гуравдугаар сарын 31-нд талийгаач эмэгтэйг урцандаа шатсан байсныг нь олж, цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна. Одоогоор хэргийг Төв аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж буй аж. 

Энэ мэт харамсалтай мэдээлэл гарсаар байна. Самраас болж хүмүүс амиа алдсаар байгаа төдийгүй жил жилийн намарт уул хадаар тэнэж, самар түүдэг бүлэг хүмүүс бий болсон. Тэд идэх, хүнсэнд хэрэглэх хэрэгцээгээ хангах гэж бус, түүсэн самраа наймаалж арилжаалан ашиг олох гэж уул руу гардаг байна.

Самар ихээр ургадаг нутагт хаврын хавсаргатай өдрүүдэд ч самарчид ууландаа байж байх жишээтэй. Болц гүйцээгүй үед хуш модны самар түүх нь иргэд модноос унаж амь насаа алдах, эрүүл мэндээрээ хохирохоос гадна байгаль орчинд ч асар хор хөнөөлтэйг мэргэжилтнүүд анхааруулсаар байна. Цагдаагийн байгууллагаас хатуу хөл хорио тогтоосон энэ үед дүрэм журмыг мөрдөхийг иргэдэд санууллаа. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн