ХӨДӨЛМӨРИЙН ҮНДЭСНИЙ НАМ-ыг үүсгэн байгуулагчид мэдэгдэл гаргалаа

 ХӨДӨЛМӨРИЙН ҮНДЭСНИЙ НАМ-ыг үүсгэн байгуулагчид мэдэгдэл гаргалаа

Хуурамч баримт бичиг үйлдэн УДШ-д бүртгүүлэх замаар “ХӨДӨЛМӨРИЙН ҮНДЭСНИЙ НАМ”-ын удирдлагыг авсан бүлэглэлийн талаар Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН)-ын удирдлагыг хууль бусаар авсан Бадрахын Найдалаа, Тогмидын Доржханд тэргүүтэй хүмүүс нийгэм, төрийн аюулгүй байдлыг алдагдуулж, хуулийг удаа дараа зөрчин хуурамч баримт бичиг бүрдүүлэн Улсын Дээд шүүхэд намын даргаар ээлжлэн бүртгэгдсээр байгаа аюултай үзэгдэл 2017 оноос эхлэн өрнөсөн нь баримтаар илчлэгдлээ.

Баримт 1:

ХҮН намын одоогийн удирдлагаар бүртгэгдээд буй Т. Доржханд, Б. Найдалаа, Д. Гантулга нар тус намын удирдлагыг хуурамч баримт бичиг үйлдэх замаар авч, Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимд бүртгүүлжээ.

Баримт 2:

ХҮН намын албан ёсны Төв хорооны гишүүд байсаар атал өөрсдөө дур мэдэн, намын дүрмийг зөрчин олон тооны Төв хорооны гишүүдийг зохиомлоор бүрдүүлэн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр огт хийгдээгүй Төв хорооны Хурлыг хийсэн болгож Улсын Дээд шүүхэд хуурамч баримт материал бүрдүүлсэн өгч улс төрийн намын удирдлагыг авчээ.

Баримт 3:

Б. Найдалаа Улсын Дээд шүүхэд намын даргаар бүртгэгдэх үндэслэл болсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн байгаа нь 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр ХҮН-ын Төв хорооны Хурлын төлөөлөгчдийн бүртгэлийн 21 дүгээрт Налайх дүүргийн намын хорооны дарга Амаржаргалын Диваачамбын гарын үсгийг хуурамчаар дууриалган зурсан байдлаар илчлэгдлээ. А. Диваачамба энэ тухай тайлбарыг өөрийн гараар бичиж өгсөн.

Баримт 4:

2016 оны 04 дүгээр сард Орхон аймгийн намын хорооны даргын албанаас чөлөөлөгдөж, УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр намын гишүүнээс татгалзсан байсан У. Амарзаяад өөрт нь ямар ч мэдээлэл өгөхгүйгээр Төв хорооны хурлын төлөөлөгчид оруулан бүртгэж УДШ-д баримт бүрдүүлэхдээ ашигласан нь илчлэгдлээ. У. Амарзаяа энэ тухай тайлбарыг өөрийн гараар бичиж өгсөн.

Баримт 5:

Тухайн хийгдээгүй Төв хорооны Хурлын ирцийг бүрдүүлэх зорилгоор Төв аймгийн намын хорооны дарга нь үүрэгт ажлаа хүлээлгэн өгөөгүй, тухайн аймгийн намын хороо даргаа өөрчлөх ямар нэгэн шийд гаргаагүй байхад хууль ёсны даргын оронд Ж. Төмөрхуяг гэх өөр аймгийн өөр хүнийг дарга хэмээн зааж, гарын үсэг зурсныг ирцэд оруулсан.

Баримт 6:

Намын төв хорооны тухайн үеийн бүрэлдэхүүн, гишүүд, 21 аймаг, 9 дүүргийн намын хороодын дарга нарт дээрх хурлын талаар огт сонсгож мэдэгдээгүй.

Баримт 7:

Намын дүрмийн 5.6 дахь хэсэгт заасны дагуу Намын төв хорооны хурлыг Намын дарга даргалах зохицуулалтыг зөрчсөн, намын хууль ёсны дарга С. Боргилд тус хурлын талаар ямар нэгэн мэдээлэл ирүүлээгүй буюу Намын төв хороо 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хуралдаагүй.

 Баримт 8:

Мөн тухайн өдрийн хуралд Т. Доржханд нь оролцоогүй, гадаад улсад зорчин явж байсан гэж яригддаг боловч түүний гарын үсэг тэр өдрийн огноотойгоор зурагдсан.

Баримт 9:

Б. Найдалаа нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр намын 1116218993 тоот хяналтын дугаар бүхий тамганы дардас, 8082001019 тоот бүртгэлийн дугаар бүхий улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан. УДШ-д 2017 оны 05 дугаар сард бүртгүүлэхээр баримт бүрдүүлэн өгөхдөө, 1117243465 хяналтын дугаартай тамгыг ашигласан байна.

Баримт 10:

Улсын Дээд шүүх ийнхүү дүрмийн бус хурал, хууль зөрчиж бүрдүүлсэн баримтуудад үндэслэн Б. Найдалааг даргаар бүртгэн авсан тухай мэдээлэл шүүхийн цахим хуудаст 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр нийтлэгдсэнийг олж мэдээд, тухайн үеийн хүчин төгөлдөр бүртгэлтэй дарга С. Боргил Улсын Дээд шүүхэд хандан өргөдөл гаргаж, хууль бус үйл ажиллагааных нь талаар мэдээлэл өгсөн боловч өргөдөл дурдсан үндэслэлүүдийг нь бүрэн нягтлахгүйгээр Б. Найдалааг дээрх “…2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Намын төв хорооны хурлын тогтоолууд, хуралдааны тэмдэглэл, гишүүдийн ирц зэрэг холбогдох бусад баримтыг үндэслэн” бүртгэсэн гэдэг хариуг өгсөн. Гэтэл ийнхүү бүртгэх үндэслэл болсон баримтыг хуурамчаар үйлдсэн байна.

Баримт 11:

Ийнхүү хууль бус аргаар намын удирдлагыг авсан байдлыг шалган тогтооход хүндрэлтэй байдлыг цаг хугацаа болон халдашгүй байдлын хувьд бий болгож, цэвэршүүлэн угааж буй мэтээр Б. Найдалаагаас намын даргын албан тушаал Т. Доржхандад шилжин, улмаар 2017 оны хууль бус бүртгэлд үндэслэсэн хоёр дахь удаагийн хууль бус бүртгэлийг 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр (Ардчилсан намын удирдлага, дүрэмтэй холбоотой хүсэлтүүдийг хэлэлцэж хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн өдөр) хийлгэсэн нь мөн Улсын Дээд шүүхийн цахим хуудаст тавигджээ.

Баримт 12:

Т. Доржханд, Б. Найдалаа тэргүүтэй хүмүүсийн энэ бүх хууль бус үйл ажиллагаа нь ардчилалд аюулд учруулж, улс төрийн тогтолцоог бүхэлд нь гажуудуулах уршигтай, “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй, хуурамч баримт бичиг үйлдэн ашигласан байдал нь мөн гэмт хэргийн шинжтэй гэж үзэх хангалттай үндэслэл, баримт тогтоогдсон зэрэг үндэслэлээр Энэ бүх хууль бус үйл ажиллагааг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандсан. Монгол Улсын нийгэм, төрийн байгууллын аюулгүй байдалд нэгэнт учирсан ноцтой, бодит аюул заналхийлэл болсон тул Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээрх асуудлаар нэн даруй хуралдаж зөвлөлдөх, нөхцөл байдлыг үнэлж дүгнэх, хуульд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлага зүй ёсоор үүссэн гэж үзэж ҮАБЗ-д хандсан. Монгол Улсын Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, төрийн тэргүүн, Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд ч мөн адил улс төрийн намын удирдлагыг хууль бус аргаар, хуурамч баримт бичиг үйлдэн ашиглах замаар олж авсан бүлэг этгээдүүд өрсөлдөгч нэр дэвшүүлэх нь төрийн тогтворгүй байдал, бослого, үймээн, эсэргүүцэл, мөргөлдөөн үүсгэх эрсдэлийг нөхцөлдүүлсэн аюул заналд олон нийт анхаарал, сэрэмжтэй байх шаардлагатай болсон байна.

БИДНИЙ ТАВИАД БУЙ ШААРДЛАГА:

  • Дээрх хууль бус үйлдлээс үүдэн гарах нийгэм, улс төрийн эрсдэл бүхий нөхцөл байдлыг нэн даруй судлан үзэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлэх;
  • Хууль бус үйл ажиллагааг хууль хяналтын байгууллага хараат бусаар, хугацаа алдалгүй шалгаж иргэд, олон түмэнд бүрэн мэдээлэл өгөх;
  • Улсын Дээд шүүхэд хуурамч баримт бичиг ашиглан бүртгэл хийлгэсэн Б. Найдалаа, Т. Доржханд тэргүүтэй хүмүүсийн бүртгэлийг нэн даруй цуцлах;
  •  Үндэсний аюулгүй байдлын тогтолцоо (УИХ, Ерөнхийлөгч, орон нутгийн өөрөө удирдах байгууллага)-нд хууль бус аргаар, хуурамч баримт бичиг үйлдэн ашиглах замаар нэвтрэн орох, нийгэм-төрийн байгууллын аюулгүй байдлыг бусниулах бодитой аюулаас урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
  • Хүний эрх, эрх чөлөө, ардчилал, хууль дээдлэх ёс, үндсэн хуульт ёсыг сахиулах баталгааг хангах, улс төрийн намын тухай хууль тогтоомжийг цаг алдалгүй шинэчлэх.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн