Н.Түвшинбаярыг 10-40 сая төгрөгөөр торгож болзошгүй

 Н.Түвшинбаярыг 10-40 сая төгрөгөөр торгож болзошгүй

Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ)-аас Олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн талаар мэдээлэл хийлээ. Н.Түвшинбаярыг өчигдөр орой (2021.04.04) хойшлуулашгүйгээр 48 цагийн хугацаатай албадан саатуулсан талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээллээ.

Түүнийг хүний биед хүнд гэмтэл учруулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татан, өмгөөлөгчийн хамтаар байцаалт авчээ. Шүүх эмнэлэгт гэмтлийн зэргийг тодорхойлохоор ажиллаж байгаа аж.

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.БААТАРХҮҮ:

-Цагдаагийн ерөнхий газарт 2021 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр 21:29 цагийн үед Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороонд “Залуу монгол корпораци”-ийн байранд хүн зодолдоод байна гэх дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хэргийн газарт очиж, гэрчүүдээс мэдүүлэг авсан. Хэрэгт холбоотойгоор Н.Түвшинбаяраас өмгөөлөгчийг нь байлцуулан мэдүүлэг авсан. Олимпийн аварга Н.Түвшинбаярыг өчигдөр орой 23:00 цагийн орчимд Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон, прокурорт яллагдагчаар татах хүсэлтээ өгсөн.

Хэргийг мөрдөн шалгах ажиллааг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс эхлүүлсэн. Н.Түвшинбаярын гэмтлийн зэргийг тодорхойлохоор шүүх шинжилгээний эмнэлэг ажиллаж байна. Түүнийг Эрүүгийн хуулийн 11.1-д зааснаар хүний эрүүл мэндэд санаатай хүнд гэмтэл учруулсан зүйл заалтыг үндэслэн, цаашид үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдүүлэхээр прокурорт хандаад байна.

Хохирогч Э.Энхбатын хувьд ГССҮТ-ийн Сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байна.

Эрүүгийн хуулийн 11.1-д “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ. Үүнээс харахад Н.Түвшинбаярыг 10-40 сая төгрөгөөр торгох, эсвэл 2-8 жилийн хугацаатай хорих аж.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн