Н.Энхбаяр: С.Ганбаатар бид хоёр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй

 Н.Энхбаяр: С.Ганбаатар бид хоёр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй

МАХН-ын дарга Н.Энхбаяр, Б.Тулга нар “Зууны мэдээ” мэдээллийн төвд өнөөдөр /2021.03.12/ хэвлэлийн хурал хийлээ. Энэ үеэр МАН, МАХН нэгдэх эсэх асуудлаар түүний байр суурийг тодрууллаа. 

МАХН-ын дарга Н.Энхбаяр: 

-УИХ болж байгаа үйл явдлыг нэн даруй шалгах хэрэгтэй. Хуулийн байгууллагынхантай холбоотой асуудлыг алдаа гаргасан бол засаж,   шалгах хэрэгтэй. Гадаадын байгууллага ажлын албаар нь дамжуулж, ҮАБЗ-ийг гартаа оруулах нөхцөл үүсэхээр байна. Бидний шаардлагыг хүлээж аваад шийдэхгүй бол УИХ-ыг ажиллахаас өөр аргагүйд хүргэж, улс төрийн хүчин, иргэний нийгэмийнхэн, хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллана.Шүүхийн асуудлыг МАХН тасралтгүй ярьж байгаа. Мөн Б.Баасанцогт өмгөөлөгчийн компьютерээс алдагдсан схем хууль, шүүхийнхнийг ямар гэдгийг нотлоод өглөө.

Шүүхийн болон ҮАБЗ-ийн үйл ажиллагааг хуулийн дагуу шударга байлгахын тулд дараах шаардлагыг хүргүүлж байна. 

  1. УИХ-аас баталсан шүүхийн шинэчлэлийн багц хуулийн хүрээнд хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хэсэг байгуулж, нэр бүхий шүүгч, өмгөөлөгч, ҮАБЗ-ийн ажилтнуудын гэмт хэргийг шинжтэй үйлдлийг шалган тогтоох ажлыг нэн даруй эхлүүлэх, 
  2. Дээр дурдсан гэмт хэргийн шинжтэй хуйвалдаанд шүүгч, өмгөөлөгч нарын оролцоотой хэрэг маргааныг шийдвэрлэх шинэ нөхцөл байдал үүссэн үндэслэлээр дахин хянуулах ажлыг зохион байгуулах,
  3. Шүүгч нарын гэмт хэрэг, ёс зүйн зөрчлийн шинжтэй үйлдэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэгэнт цацагдсан байхад холбогдох гомдол ирээгүй хэмээн хаацайлж байгаа ШЕЗ-ийг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах, 
  4. ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргын мэдээлэл үндэслэлтэй гэж үзвэл хууль хяналтын байгууллагын ажилчдыг шалгуулах, харин үндэслэлгүй бол үүрэгт ажлаас нь чөлөөлж, үр дүнг нь олон нийтэд нээлттэй мэдээлэхийг хүсэж, УИХ-ын дарга Г.Заншатарт шаардлага хүргүүлж байна.

Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. 

-МАН, МАХН нэгдэх асуудал яригдаж эхэллээ. Энэ үнэн үү?

-МАН, МАХН бол 100 жилийн түүхтэй намууд. МАНАН гэдэг үзэгдэл биднийг хоёр хуваасан. МАНАН гэдэг үзэгдэлтэй тэмцэнэ гэдгээ МАН-ын дарга У.Хүрэлсүх мэдэгдсэн. Бидний зорилго нэг учраас ойртож ажиллах тохиролцоонд хүрч, үүнийгээ хуйвалдааны маягаар биш, соёлтой байдлаар явуулахаар хоёр талын хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан. Манай намаас Б.Тулга дарга, МАН-аас Г.Амарбаясгалан нар ажлын хэсгийг ахалж байгаа. Манай намаас байгуулагдсан ажлын хэсэг 10 хүний бүрэлдэхүүнтэй, Ардын намынх есөн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаад явж байна. МАН, МАХН байгалийн баялгийг ард түмний дундын өмч болгож, МАНАН бүлэглэлийн эсрэг ажиллана гэдгээ урьдчилсан байдлаар тохирсон. 

-Хоёр нам нэгдэж сонгуульд орсны хариуд СХД-т Э.Батшугарыг гишүүн болгох тохироо хийсэн гэх таамаг улс төрийн хүрээнээс гарч байна. Үнэхээр ийм тохироо хийгдсэн үү?

-Сонгуулийн тойрог дээр ярьсан зүйл байхгүй. Д.Сумъяабазар СХД-ээс сонгогдсон УИХ-ын гишүүн байж байгаад хотын дарга болсон нөхцөл байдлыг хүмүүс мэдэж байгаа учраас таамаг дэвшүүлж байгаа байх. Бид 100 жилийн ойг хоёр намын баяраас гадна Монгол Улсад улс төрийн хүчин байгуулагдсаны 100 жилийн ой гэж үзэж байгаа учраас бүх улс төрийн намуудын баяр гэж хүндэтгэж байгаа. Улс төрийн намуудын нэр хүнд сүүлийн үед унасаар байна. Ялангуяа Ардын нам, Ардчилсан намтай холбоотой шүүмжлэл нэлээд бий. Тиймээс улс төрийн намуудын нэр хүндийг өсгөхийн төлөөх том зорилтын төлөө үйл ажиллагаагаа нэгтгэе гэж бодож байгаа юм. Монголд ийм олон нам хэрэггүй. Ард иргэдийн зүгээс “Улс төрийн намууд нэгдэж, үйл ажиллагаагаа хамтдаа явуул” гэсэн захиалга өгдөг.  Улс төрийн үзэл баримтлал зүүн болон баруун гэж хоёр хуваагддаг. Энэ хоёрын нэг нь хэт туйлшраад ирэхээр алдаа дутагдал гардаг. Тиймээс энэ хоёр  баримтлалыг төв рүү ойртуулах үзэл суртал явж байгаа. МАХН, МАН адилхан зүүн төвийн үзэл баримтлалтай нам. Хоёр адилхан үзэл баримтлалтай нам үйл ажиллагаагаа нэгтгэхгүй байгаа нь юу гэсэн үг вэ гэж их ярьдаг, асуудаг. 

С.Эрдэнэ даргатай улс төрийн нам баруун төвийн үзэл баримтлалтай гэдгээ жилийн өмнө зарласан. Тэгэхээр бусад баруун төвийн үзэл баримтлалтай намууд нэгдээд, үйл ажиллагаагаа явуулах нь зүгээр юм биш үү. Үзэл баримтлалаараа түншилж, хамтын ажиллагаа явуулж эхэлбэл шударга өрсөлдөөн болж, ард түмэнд өгөөжөө өгнө. Тиймээс МАН, МАХН үйл ажиллагаагаа уялдуулж нэгдэх нь зүйтэй гэж би бодож байна. 

-Хоёр нам нэгдсэн тохиолдолд С.Ганбаатар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй болно гэсэн үг үү?

-МАХН бол улстөрийн хариуцлагатай хүчин тул хэлснээрээ байх зарчим барьдаг. Би намынхандаа ч хэлдэг. Бүгдээрээ амнаас гаргасан үгээрээ байх ёстой шүү гэж. С.Ганбаатар бидэнтэй зөвлөхгүйгээр зургаадугаар сарын 30-ны өдөр zarig.mn сайтад ярилцлага өгөхдөө “энэ дөрвөн жил би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй. УИХ-ын гишүүнээр ажиллана” гэдэг байр суурь илэрхийлсэн. Уг нь энэ байр сууриа илэрхийлэхээс өмнө зөвлөлдөх нь зүйтэй байсан. Ингэсэн бол бид санал зөвлөгөө өгөх байсан. С.Ганбаатар хэнтэй ч зөвлөлдөлгүй Эрдэнэтчүүддээ хандаж байр сууриа илэрхийлсэн байсан. Х.Баттулга Ерөнхийлөгчтэй С.Ганбаатар, бид хоёр уулзсан. Ингэхэд манай С.Ганбаатар дарга “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй. Харин нутгийн ах Х.Баттулгыг дэмжинэ” гэж бодож байна гэж надтай зөвлөлдөхгүйгээр байр сууриа илэрхийлсэн. Мөн “2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаяр дарга болон МАХН-ынхан нэр дэвш гэсээр байгаад дэвшүүлсэн. Тэр үеэс хойш уулзаагүй, нүүр халуун байсан. Одоо ингээд уулзаж байхдаа уучлалт гуйж байна” гэж хэлсэн. Тухайд үед хоёр эр хүний хооронд яриа болоод нэг нь тэр яриагаа зөрчсөн юм байна гэж би ойлгосон. Энэ үед Х.Баттулга Ерөнхийлөгч С.Ганбаатар нэр дэвшиж санал хуваасны дүнд би Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Тэр утгаараа МАХН-д баярласан гэдгээ Х.Баттулга Ерөнхийлөгч илэрхийлсэн. Надтай зөвлөлдөхгүй ярьдаг, ярьснаараа байж чаддаггүй зүйл байж болохгүй гэж үзэж байгаа учраас энэ удаагийн сонгуульд С.Ганбаатар дарга нэр дэвшихгүй болов уу гэж бодож байгаа. Гэтэл сүүлийн үед С.Ганбаатар эвсэл байгуулж нэр дэвших тухай ярьж эхэлсэн. Үүнээсээ өмнө надтай уулзаад, ний нуугүй ярих хэрэгтэй байсан юм. Огт ярилцахгүй байж энд тэнд мэдэгдэл хийгээд байгаа. Намайг бол 12 жилийн турш сонгуульд нэр дэвшүүлэхгүй байгаа. МАХН-ын дэд С.Ганбаатар өөрөө нэр дэвшихгүй гээд хэлчихсэн. Н.Энхбаяр, С.Ганбаатар бид хоёр нэр дэвшихгүй юм чинь том зорилгын төлөө нийцэж ажиллах улстөрийн хүчинтэй хамтраад дундаасаа нэг нэр дэвшигчийг дэвшүүлэхэд болохгүй зүйл байхгүй.     

-СХД-т таны хүү Э.Батшугар нэр дэвших үү?

-Шийдэгдээгүй асуудал. Миний ойлгож байгаагаар сонгууль зургадугаар сард биш арваннэгдүгээр сард болох юм шиг байна. Тиймээс бид хэн нэр дэвшихийг нам дээр яриагүй, сайн хэлж мэдэхгүй байна. Энэ талаар таамаглал ч яриагүй. Э.Батшугар гэх залууг зөвхөн миний хүү гэхээс илүү төгссөн сургуультай, өөрийн гэсэн хувийн амьдралтай хүн, түүнд мэдэх чадах зүйл байна уу, үгүй юу гэх мэт талаас нь ард иргэд ойлголттой болсон байх. Ялангуяа СХД-ийн сонгогчид ойлгож авсан гэж бодож байна. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн