ХӨСҮТ: 103 хүнээс халдвар илэрч, 11 хүний халдварын эх уурхай тодорхойгүй байна

 ХӨСҮТ: 103 хүнээс халдвар илэрч, 11 хүний халдварын эх уурхай тодорхойгүй байна

Эрүүл мэндийн яамнаас Covid-19-ийн нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит (2021.03.12) мэдээллээ хийлээ.


ХҮН БҮР ХАРИУЦЛАГАТАЙ БАЙХ ЦАГТАЙ НҮҮР ТУЛААД БАЙНА

ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга Ж.БАЙГАЛМАА:

-Өчигдөр нийт 19341 хүнд шинжилгээ хийхэд нийслэлд 103 хүнээс халдвар илэрлээ. Үүнээс нэг тохиолдол нь тусгай үүргийн онгоцоор зөөвөрлөгдөн ирсэн. Монгол Улсад батлагдсан Covid-19-ийн нийт тохиолдол 3134 болсон бол Улаанбаатар хотын нийт өвчлөл 2789 боллоо. Сүүлийн 24 цагт 60 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Шинээр халдвар авсан хүмүүсээс 92 нь ойрын хавьтал, 11 хүний халдварын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байна. Халдварын эх уурхай нь тодорхойгүй хүмүүс Баянзүрх дүүргийн 6,14,25,26, Сонгинохайрхан дүүргийн 5, Чингэлтэй дүүргийн 6, Сүхбаатар дүүргийн 1, 10, 15-р хороонд амьдардаг. Өнөөдрийн байдлаар нийт 740 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хөнгөн 692, хүндэвтэр 41, хүнд 5, маш хүнд 2 хүн байна. Өчигдөр Тусгаар тогтнолын ордонд халдварын 60 тохиолдол илэрсэн гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Гэхдээ тухайн мэдээлэл нь үндэслэлгүй юм. Учир нь тухайн барилгад халдвартай хүний хавьтал ороод гарсан учраас халдваргүйжүүлэлт хийсэн. 

Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод илрэх халдварын тоо огцом өсч, олон хүнийг хамарсан халдварын голомтууд бүртгэгдэж байна. Эрүүл мэндийн ажилчдын дунд бүртгэх халдвар ч мөн өсч байна. Тиймээс иргэд нийгмийн харилцаагаа аль болох багасгах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, ажил төрөлдөө олноор цугларахгүйгээр цахимаар хийх, олон хүнтэй газраар явахгүй байх, фитнесст явдаг бол халдварын тархалт их байгаа энэ үед түр хугацаанд явахгүй байх шаардлагатай.

Албан байгууллагуудын хувьд дотоод зохион байгуулалт хийж, нэг өдөр цугларах хүмүүсийнхээ тоог багасгах, ээлжилж ажиллах хэрэгтэй. Нэг дор 10-аас дээш хүн цугларахгүй байх нь чухал юм. Ингэснээр танай байгууллагын хэн нэгнээс халдвар илэрлээ гэхэд халдварт өртөх хүний тоо бага байна гэсэн үг. Тиймээс дээрх зүйлсийг анхаараарай. Ойрын өдрүүдэд нөхцөл байдал хүндэрч байна. Хүн бүр хариуцлагатай байх цагтай нүүр тулаад байна.

ЖИРЭМСЭН, ЖИРЭМСЛЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙГАА ХҮМҮҮС ВАКЦИНД ХАМРАГДАХГҮЙ

ЭМЯ-ны Хэвлэл, мэдээллийн зөвлөх Б.УУГАНБАЯР:

-Нийслэлд халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбоотойгоор зарим аймгууд дотооддоо арга хэмжээнүүд авч эхлээд байна. Тухайлбал, Дархан, Хэнтий, Сүхбаатар, Баянхонгор, Хөвсгөл, Сэлэнгэ зэрэг аймгуудын Онцгой комисс нийслэлээс ирэх хөдөлгөөнийг түр хязгаарласан. Зөвхөн аймгийн харъяат иргэдээ авч байна. Үүнийг иргэд буруутгаад байх шиг байна. Гэхдээ хуулийн хүрээнд аймгийн Засаг дарга нар дээрх арга хэмжээг хэрэгжүүлэх эрхтэй юм. Тиймээс хөдөө орон нутгийг зорих гэж байгаа иргэд үүн дээр анхаараарай. Нийт дархлаажуулалтад хамрагдсан хүмүүсийн 40 гаруй хувьд нь хөнгөн хэлбэрийн урвал буюу тарьсан газарт нь хөндүүрлэх, бага зэргийн толгой өвдөх, халуурах, үе мөч янгинах шинж тэмдэг илэрч байна.

Үргэлжлүүлэн сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Албан байгууллагын ойрын хавьтал болсон иргэдээс шинжилгээ авч байгаа юу. Хэд хоног тусгаарлах вэ?

-Ойрын хавьтал болсон хүмүүсийг 14 хоног тусгаарлана. Зарим нь тусгаарлагдах байранд, үлдсэн нь гэртээ тусгаарлагдаж байна. Тусгаарлах байр болон гэр ч байсан ялгаагүй 14 хоног тусгаарлана. Тухайн хүн халдвар авснаас хойш 10-14 хоногийн дараагаар бусдад халдвар тарааж эхэлдэг. Сүүлийн өдрүүдэд албан байгууллагын дунд халдварын тохиолдол бүртгэгдэж байна. Хүмүүс бүх  ажилчдаас шинжилгээ авах ёстой гэж боддог. Ойрын хавьтал гэдэг нь халдвартай хүнтэй халдварын шинж тэмдэг илэрснээс нь хойш, эсхүл халдвартай нь батлагдсанаас өмнөх хоногт 1.5 метрээс дотогш 15 минутаас дээш уулзсан хүнийг хэлдэг. Ойрын хавьтлаас нь шинжилгээ авахад албан байгууллагуудын 200-300 ажилтан шинжилгээ өгнө гээд ажил дээрээ өөрийгөө тусгаарлаад байдаг. Ингэх шаардлагагүй. Хамгийн эхэнд ойрын хавьтлаас шинжилгээ авч тусгаарлана.

-Дүүргүүдэд хичнээн шинжилгээний цэгүүд ажиллаж байна вэ?

-Хөл хорио суларснаас хойш өдөрт хийгдэж байгаа 20 мянга гаруй шинжилгээний 80-90 хувийг хөдөө орон нутаг руу явах иргэдийн шинжилгээ эзэлж байна. Албан байгууллагууд 72 цагийн шинжилгээтэй ирж ажиллах шаардлага тавиад, шинжилгээний цэгүүдийн ачааллыг асар их нэмсэн. Ачаалал нэмэгдсэн учраас ойрын хавьтлын шинжилгээнүүд хоцрох доголдол үүсч байна. Шинжилгээний цэгүүд дээр онцгой чухал шалгуурын дагуу шинжилгээ авч байна. 72 цаг тутам шинжилгээ шаардаж байгаа албан байгууллагууд болих хэрэгтэй.

-Ямар хүн халдварын эсрэг вакцинд хамрагдахгүй вэ?

-Мэдрэлийн үрэвслийн хам шинжтэй, халдварын эсрэг эмчилгээ, гармоны эмчилгээ хийлгэж байгаа, зүрх судасны хурц дутмагшилтай, дархлааны олдмол хомсдолтой, жирэмсэн, жирэмслэхээр төлөвлөж байгаа хүмүүс вакцинд хамрагдахгүй. Хөхүүл хүн вакцинд хамрагдаж болохгүй гэсэн заалт байхгүй ч үзлэгийн эмчтэйгээ зөвлөлдөж байгаад вакцин хийлгэх эсэхээ шийдэх боломжтой.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн