ЭМЯ: Эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдал хүндэрч байна

 ЭМЯ: Эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдал хүндэрч байна

Эрүүл мэндийн яамнаас Сovid-19-ийн нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит (2021.03.04) мэдээллээ хийлээ. 


Өчигдөр (2021.03.03) нийт 19507 сорьцод шинжилгээ хийхэд 44 хүнээс Covid-19 илэрч, улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 3076 боллоо.

ХӨСҮТ-ийн Халдварын тандалт, судалгааны  албаны дарга Ж.БАЙГАЛЬМАА:

-Сүүлийн 24 цагт шинээр батлагдсан тохиолдлуудаас гадаадаас ирсэн иргэдээс бүртгэгдсэн тохиолдол байхгүй. Дотоодод халдвар авсан хүмүүсийн тоо 2557 боллоо. Өчигдөр 55 хүн эдгэж гэртээ гарсан. Шинээр батлагдсан 44 тохиолдлоос нийслэлд 42, Завхан аймагт хоёр тохиолдол тус тус бүртгэгдлээ. Нийт халдвар авсан хүмүүсээс хоёр хүний халдварын эх уурхайг тодруулахаар ажиллаж байна. Сүүлийн өдрүүдэд илэрч буй халдварын эх уурхайг тогтоосон. Өмнөх өдрүүдэд тусгаарлалтад байсан хүмүүсийн ойрын болон дам хавьтал. Тиймээс хүн амын дунд халдвар тархаагүй гэсэн үг.

ЭМЧЛҮҮЛЖ БУЙ ХҮМҮҮСИЙН БИЕИЙН БАЙДАЛ ХҮНДЭРЧ БАЙНА

ХӨСҮТ-ийн Халдварын тандалт, судалгааны  албаны дарга Ж.БАЙГАЛЬМАА:

-Батлагдсан тохиолдлоор эмчлэгдэж буй хүмүүсийн биеийн байдал хүндэрч байна. Ялангуяа архаг хууч өвчтэй хүмүүсийн биеийн байдал хүндэрч байна. Иргэдэд анхааруулахад амны хаалтаа зүүж, золголт хийх баяр ёслол тэмдэглэж, нэг дор цуглах нь халдварт өртөх эрсдэлтэй. Тун удахгүй болох Мартын 8, Цэргийн баяр тэмдэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Халдвараас сэргийлэх хамгийн энгийн болоод найдвартай арга нь маск зүүх. Олон хүнтэй худалдаа, үйлчилгээний газруудаар явахдаа маск зүүх хэрэгтэй.

ШИНЭЭР БАТЛАГДСАН 44 ТОХИОЛДЛЫН 42 НЬ ОЙРЫН ХАВЬТАЛ

Нийслэлд өчигдөр 42 тохиолдол шинээр батлагдаж, Сovid-19-ийн нийт батлагдсан тохиолдол 2229 болов. Халдвар авсан 44 хүмүүсийн 42 нь ойрын хавьтал гэдгийг ХӨСҮТ-өөс мэдээллээ.


ВАКЦИНЖУУЛАЛТАД 13200 АЛБАН ХААГЧ ХАМРАГДЖЭЭ

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагмын мэдээлснээр нийслэлийн хэмжээнд 18 цэгээр 2000 гаруй алба хаагчийг вакцинжуулалтад хамруулжээ. Вакцинжуулалт эхлүүлснээс хойш өнөөдрийг хүртэл нийт 13200 хүн хамрагдсан байна.

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.ДАШПАГМА:

-Вакцинжуулалтад хамрагдсан нийт 13200 гаруй хүнээс 9500 орчим нь эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилчид. Мөн цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналт, бусад хариу арга хэмжээнд оролцож буй 2600 орчим алба хаагч вакцинд хамрагдсан.Цаашид вакцинжуулалтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Вакцины дараа иргэдэд мессэж ирж буй бөгөөд цахим бүртгэлийн программд ирж байна. Цахим хуудаст вакцины дараах хариу урвалын талаарх мэдээллийг бүртгүүлэх боломжтой.

ВАКЦИНЖУУЛАЛТ УДААШРАЛТАЙ БАЙГАА АСУУДЛЫГ УДАХГҮЙ ШИЙДВЭРЛЭНЭ

Вакцинжуулалтын үйл явц удаашралтай байгааг иргэд шүүмжилж буй. Энэ асуудлыг тун удахгүй шийдвэрлэнэ гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв. Тус яамны мэргэжилтэн Б.Ууганбаяр хэлэхдээ “Монгол Улсын хувьд вакцинжуулалтын нэгдсэн системтэй. Энэхүү системийг ажиллуулсан тохиолдолд 10 хоногт нэг сая гаруй иргэнээ вакцинжуулалтад хамруулсан туршлагатай. Энэхүү туршлагад үндэслэн вакцинжуулалт хийх боломжтой” гэсэн юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн