ХӨСҮТ: Монгол Улсад Covid-19 халдварын нийт тохиолдол 3000 боллоо

 ХӨСҮТ: Монгол Улсад Covid-19 халдварын нийт тохиолдол 3000 боллоо

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.БАЙГАЛЬМАА:

-Өчигдөр нийт 13108  хүнд шинжилгээ хийхэд нийслэлд  48 хүнээс халдвар илэрсэн. Үүнээс  43 хүн нь хяналтад авсан хүмүүсийн ойрын хавьтал бол хоёр хүнээс халдвар  “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд илэрсэн. Үлдсэн гурван хүний халдварын эх уурхайг тодорхойлох судалгааг хийж байна.  Аймаг орон нутагт халдвар бүртгэгдээгүй. Нийслэлд бүртгэгдсэн халдварууд Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргүүдэд бүртгэгдсэн. Сүүлийн 24 цагт 31 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Нийт 655 хүн эмчлүүлж байгаагаас  биеийн байдал хөнгөн 574, хүндэвтэр  71, хүнд ес, нэн хүнд нэг хүн байна.Монгол Улсын хэмжээнд Covid-19 халдварын батлагдсан нийт тохиолдол 3000-д хүрлээ. Үүнээс дотоодод халдвар авсан 2481 тохиолдол байна. Өчигдөр илэрсэн 48 тохиолдлын хувьд Баянзүрх дүүргээс 16, Баянгол 7, Сүхбаатар 5, Сонгинохайрхан дүүргээс есөн хүнээс тус, тус халдвар илэрсэн. Халдвар ихэвчлэн үйлчилгээний газрууд ялангуяа хүнс худалдааны захуудад бүртгэгдэж байна.ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.ДАШПАГМА дархлаажуулалтын явцын талаарх мэдээллийг өглөө. Тэрбээр “Дүүргийн эрүүл мэндийн төвийн 22 цэгт 9531 хүнийг вакцинд хамрууллаа. Үүнд эрүүл мэндийн байгууллагын ажилтан, халдварын хариу арга хэмжээнд оролцож байгаа багийн гишүүд болоод онцгой байдал, цагдаа нарыг хамруулсан. Вакцинд хамрагдсан хүмүүсийн вакцины дараах урвалын тандалтын байдлыг тогтмол хянаж байгаа. Вакцины заавар дээр заагдсан урвалууд вакцинд хамрагдсан хүмүүст илэрч байна. Тухайлбал, вакцинд хамрагдсан хүмүүсийн 40 гаруй хувьд нь халуурах, толгой өвдөх, бие арзайх, вакцин хийлгэсэн газар хөндүүрлэх зэрэг шинж тэмдэг илэрч байна. Эдгээр шинж тэмдгүүд 2-3 хоногт арилдаг. Одоогийн байдлаар вакцины дараах хүндрэл бүртгэгдээгүй” гэлээ.Дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

ХӨСҮТ шинжилгээний хариуг зөрүүлсэн талаар иргэнээс гомдол ирсэн. Шинжилгээний хариу өглөө нь сөрөг гарч, өдөр нь эерэг гарсан учраас ХӨСҮТ-эд тусгаарласан байна. Үүнийгээ программын алдаа гэж тайлбарласан байх юм.

-Гэрэгэ систем дээр шинжилгээ авч байгаа бүх лаборатори төвүүд  холбогдсон байдаг. Тус системийн хэрэглээ тал дээр  ялангуяа шинээр холбогдож байгаа  лаборатори төвүүд дээр үйл ажиллагаатай холбоотой алдаа гарсан. Цөөн тохиолдол сөрөг гарсан. Алдаагаа зассан учраас цаашид ийм алдаа гаргахгүй.

-Хоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн вакцинжуулалтын ажлыг эхлүүлсэн. Өдөрт хичнээн хүн вакцинд хамрагдаж байгаа вэ? Вакцинжуулалт удаашраад байгаагийн шалтгаан юу вэ?

-Гуравдугаар сарын 1-ний өдрийн байдлаар 1700 хүн 22 цэгт вакцинд хамрагдсан байна. Цар тахлын үед вакцинжуулах үйл ажиллагааг зохион байгуулж байгаа учраас хүн хоорондын зай барих, эмч тухайн хүнд заавал эрүүл мэндийн үзлэг хийх, вакцин хийлгэсний дараа 20-30 минут ажиглаж байгаа. Эдгээр дүрэм журмыг мөрдөж ажиллаж байна.

-Вакцин хийлгэсэн хүмүүст 20-30 минутийг зарцуулах хугацааг хурдасгах боломжтой юу

Олон улсад вакцин хийлгэсний дараа хүнийг 15-30 минут ажиглаж байгаа. Монгол Улсад  вакцин хийлгэсний дараах ажиглалтыг 30 минут байхаар тогтсон.

-Жирэмсэн, төрөх эхчүүдээс 72 цагийн  PCR шинжилгээ шаардаж байна. Төрөх эмнэлгүүд өөрсдөө шинжилгээ авах боломжгүй юу?

-Төрөх эхчүүдийн шинжилгээ эмнэлгүүд дээр хийгдэж байгаа. Ер нь эмнэлэгт хэвтэх шаардлагатай хүмүүсээс тухайн эмнэлэг шинжилгээг авч байна.

Монгол эрэмтэд шүлснээс шинжилгээ авах ажил ирэх долоо хоногт эхэлнэ гэсэн мэдээлэл байна. Эрдэмтэд бүтээлээ бэлэн болгосон хэрэг үү?

-АШУҮИС-ийн эрдэмтдийн баг, Мюнхны Технологийн их сургуулийн эрдэмтдийн багтай хамтраад шүлснээс шинжилгээ хийх оношлуурыг хөгжүүлэхээр ажиллаж байна. Удахгүй туршилтад орно.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн