Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга Б.Саранчимэг тэргүүтэй гишүүд БОАЖ-ын сайдтай уулзлаа

 Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга Б.Саранчимэг тэргүүтэй гишүүд БОАЖ-ын сайдтай уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга Б.Саранчимэг, Улсын Их Хурлын гишүүн, тус Дэд хорооны гишүүн Г.Ганболд, Т.Энхтүвшин, Г.Дамдинням, Т.Аубакир, Н.Наранбаатар, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны дарга Б.Алтанзул нар БОАЖ-ын сайд бөгөөд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Н.Уртнасантай өнөөдөр /2021.02.09/ уулзалт хийв.

Уулзалтаар Улсын Их Хурлын гишүүн, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга Б.Саранчимэг гишүүн агаарын чанар, хүлэмжийн хий, азотын хүчлийг буруулах тал дээр дорвитой арга хэмжээ авч иргэдэд бодит мэдээлэл өгөх, байгаль орчинг хамгаалах, ногоон байгууламж нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг оновчтой хуваарилах, зөв зарцуулах, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахад анхаарах талаар асуудал тавилаа. УИХ-ын гишүүн Г.Ганболд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2020 оны ажлын тайланг  хэлэлцэхэд хангалттай санагдаагүй учир ирэх жилүүдэд хийх ажлаа сайтар төлөвлөх талаар байр сууриа илэрхийлсэн бол Г.Дамдинням хийх ажлынхаа талаар тодорхой цаг хугацаатай төлөвлөгөө танилцуулах, шахмал түлшний нөлөөгөөр Улаанбаатар хотын агаарын чанар, хүхэрлэг хийн агууламж ямар байгааг ойрын хугацаанд ард иргэдэд мэдээлэх талаар тус тус асуудал тавив.

Мөн гишүүд агаар, орчны бохирдлыг бууруулахад хийгдэж буй ажил, төсвийн хөрөнгө оруулалтаар болон гадаадын зээл, тусламжаар нийслэл, орон нутагт хэрэгжүүлж буй ажлын танилцуулга дээр үндэслэн асуудал тавьж,  саналаа хэлэв. Тухайлбал, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Улаанбаатар хот болон бусад томоохон хот, суурин газрын агаар, орчны бохирдлыг үе шаттай шийдвэрлэх зорилтыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан агаарын бохирдол өндөртэй аймгуудад тухайн аймгийн нөөц боломжийг харгалзан сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах, аймгуудын уурын зууханд монголын нөхцөлд хамгийн сайн тохирох шүүлтүүр тавихын тулд туршилтаар баталгаауулан сонгож авах, хог хаягдал боловсруулах үйлдвэр байгуулах, уул уурхайгаас эвдэрсэн олон мянган га талбай бүхий газрыг нөхөн сэргээх, цөлжилтийг сааруулах, үүл буудах ажлыг зохион байгуулалттай болгох, аялал жуулчлалын салбарыг дэмжих чиглэлээр санал хэлэв.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн