УОК хөл хорио тогтоох эсэх асуудлаар хуралдаан зарлалаа

 УОК хөл хорио тогтоох эсэх асуудлаар хуралдаан зарлалаа

УОК өнөөдөр/2021.02.02/ 18:00 цагт хуралдахаар болжээ. Харин яг одоо НОК хуралдаж, Цагаан сарын баярын үеэр авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд болон хөл хориог хэдий хэр хугацаанд тогтоох зэрэг цаг үеийн асуудлуудыг  хэлэлцэж байна. Улмаар хуралдаанаас гарсан саналуудаа УОК-т танилцуулах аж.

Өчигдөр Ерөнхий сайд, Шадар сайд ЭМЯ-нд ажиллах үеэр “Энэ долоо хоногийн Бямба гаригаас буюу хоёрдугаар сарын 6-21-нийг дуустал 16 хоногийн хөл хорио тогтоох хэрэгтэй. Хөл хорио тогтоохгүй бол гуравдугаар сард эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо 3000 болж, ачааллаа дийлэхгүйд хүрнэ. Тэр үед хүнд өвчтөнийг эмчлэх, хөнгөнийг гэрт нь хязгаарлах гэхчилэн олон улсын жишигт орно. Тэгвэл нийт өвчлөгчдийн хоёр хувь нь амиа алдах тооцоолол бий. Хэрэв хөл хориог 14 хоногоор тогтоовол эмнэлгийн ачааллыг 1000 орчимд барина. Нас баралтын түвшин бага байлгаж чадна. Хөл хориог тогтоовол маш чанартай, зохион байгуулалттай хийх ёстой” гэсэн саналыг МУИС-ийн Физикийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Д.Улам-Оргих хэлсэн. Түүнчлэн ЭМЯ-наас хөл хорио  тогтоох шаардлагатай гэж үзэж байгаа юм.

Өнөөдрийн 11:00 цагийн байдлаар Монгол Улсад шинээр халдварын тоо 18-аар бүртгэгдсэн. 2021 оны нэгдүгээр сарын 11-ний өдрөөс хойш  хөл хорионы дэглэмийг бууруулснаар 15 голомт шинээр илэрсэн. Долоо хоног тутамд 500 болон түүнээс дээш ойрын хавьтал тогтоогдож байгаа талаар мэдээлсэн. Өмнө нь  хавьтлын тоо дунджаар 250 орчим байдаг байсан бол одоо хоёр дахин нэмэгдсэн нь хүн амын хөдөлгөөн эрс ихэссэнтэй холбоотой гэж үзэж байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн