“Covid-19-тэй хоёр хүн эмчлүүлж байхдаа, хоёр нь эдгэрсний дараа нас барсан”

 “Covid-19-тэй хоёр хүн эмчлүүлж байхдаа, хоёр нь эдгэрсний дараа нас барсан”

Covid-19 халдварын нас баралт болон “Тоёото Инн” зочид буудлын батлагдсан халдварын талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдөр /2021.2.2/ тайлбар хийлээ. 


Тэрбээр “Дотоодод Covid-19-т халдвар бүртгэгдсэнээс хойш буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нээс хойш уг халдвараар дөрвөн тохиолдол нас барсан.  Уг тохиолдлын хоёр нь Covid-19-т халдвараар өвчлөөд эдгэсний дараа архаг хууч өвчний улмаас зүрх судасны дутагдал, зүрхний хэм алдагдлаар нас барсан. Нөгөө хоёр нь Covid-19-т халдвараар оношлогдоод эмчлэгдэж байх явцдаа нас барсан. Мөн энэ хоёр хүн нь архаг хууч өвчтэй, өндөр настай хүн байсан.

Ингээд нийт Covid-19-т халдвараар өвчлөөд эдгэсний дараа хоёр хүн, эмчлэгдэх явцдаа хоёр хүн нас барсан. Тодруулбал,  Covid-19-т халдвараар анх 2020 оны арванхоёрдугаар сарын 25-нд нэг хүн, дараа нь 2021 оны нэгдүгээр сарын 5, 12, 22-нд тус бүр нэг иргэн нас барсан. Эдгээр мэдээллийг тухай бүрд нь мэдээлсэн. Өнөөдрийн хувьд нийт тохиолдлыг мэдээлсэн юм.  

Хоёрдугаарт, “Тоёото Инн” зочид буудлаас олон хүнийг зөөвөрлөж байна, тэнд халдварын голомт гарсан уу гэсэн асуулт ирж байна. Бид ажиглан тусгаарлах байранд халдвар гарсан тухайн бүрд ойрын хавьтлуудыг тусгаарладаг. Сүүлийн гурав хоногт 35-37 тохиолдол бүртгэгдэж байна. Энэ тохиолдол бүрийн тоогоор хавьтал болсон олон хүнийг тусгаарлана. “Тоёото Инн” зочид буудалд 300-аад хүнийг тусгаарласан. Эдгээр хүмүүс нь сүүлийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд. Ойрын хавьтал дундаас вирус илэрсэн болохоор бид тусгаарласан. Тусгаарлан ажиглах байранд бид долоо хоног тусгаарлаад хоёр удаагийн шинжилгээгээр сөрөг гарвал хавьтлуудыг гэрийн ажиглалтад дахин долоо хоног байлгаж байгаа. Тиймээс иргэд маань “Тоёото Инн” зочид буудалд зөвхөн хавьтал болсон хүмүүсийг ажиглан тусгаарлаж байгаа гэдгийг ойлгоорой” хэмээв.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн