ЧУУЛГАН: У.ХҮРЭЛСҮХИЙН ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХЫГ ДЭМЖИВ

 ЧУУЛГАН: У.ХҮРЭЛСҮХИЙН ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХЫГ ДЭМЖИВ

Х.НЯМБААТАР: ЕРӨНХИЙЛӨГЧИД ИМПИЧМЕНТ ҮЗҮҮЛЭХ ЁСТОЙ

Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна.Үүнтэй холбоотойгоор гишүүд асуулт, байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

-Шударга бусын хонгилыг нураахын тулд шүүхийн багц хуулийг энэ Засгийн газар хийлээ. Ерөнхийлөгчийн зүгээс шүүхийн тухай хуулиа тат гэдэг шахалтыг хууль санаачлагчийн хувьд надад тавьж байсан. Төрийн ордны зүүн жигүүрийн 3 давхарт шүүгч хүн ирж, хэнд хэдэн жилийн ял оноох вэ гэж асуудал байдлыг өөрчлөхийн тулд бид шүүхийн тухай хууль, Авлигын хуулиудаа батлуулсан. Өчигдөр болсон жагсаал эхэн үедээ ард түмний үг хэлэх эрхээ эдлэх гэсэн жагсаал байсан. Харамсалтай нь сүүлдээ энэ жагсаалыг үндэсний эв нэгдлийг хагалгах тодорхой үйлдлүүд гарсан. Ард түмний эв нэгдлийг илэрхийлэх үүргээ умартсан Ерөнхийлөгчид энэ УИХ импичмент үзүүлэх ёстой гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн С.Амарсайхан:

-Нийгэм улс төрийн орчинд үүссэн асуудлаа үүдэж Засгийн газар огцорч байна. Иргэдийн жагсаал зөв байсан ч олон янзын нөлөөлөл орж, нийгмийн үймээн самуун үүсгэх эрсдэл байна гэж үзэж, Ерөнхий сайд шийдвэрээ гаргаж байна гэж үзэж байна. Засгийн газар, УОК цар тахлын үед маш сайн ажилласан. Харамсалтай нь доод, дунд шатанд алдаа гарсан. Ажил эзэнгүйдүүлдэг, ажилдаа сэтгэл гаргадаггүй хүмүүсийн алдаанаас үүдсэн асуудал Засгийн газрыг золиос болгосон үйлдэл гэж дүгнэж байна. Засгийн газар хариуцлагыг бүтнээрээ үүрээд зогсохгүй. Анхан шат хүртлээ ажилдаа өөриймсөг хандах, хариуцлага, ухамсар дээр тулгуурлсан давалгаа бий болох ёстой.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:

-У.Хүрэлсүх дарга хариуцлагын Засгийн газар байгуулна гэж хэлсний дагуу төрийн албан хаагчдынхаа өмнөөс хариуцлага хүлээж огцорч байна. Төрийн албанд сэтгэлгүй олон хүн байгааг илэрхийлсэн үйлдэл болсон. Татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг хэрнээ хариуцлагагүй ханддаг, ажилдаа сэтгэлгүй ханддаг хүмүүс бас байна. Бүх бизнесүүд хаалгаа бариад, ажилчдаа чөлөөлж байхад төрийн албан хаагчдын цалинг тогтмол цагт тавьж байна. Нөгөө талаар ардчиллын зарчмаар эхэлсэн цуглааныг АН-ыг захиалга болтол нь мушгин гуйвуулж, улстөржүүлж чадлаа. Иргэд улстөржиж, хуваагдмааргүй байгаа учраас хариуцлага тооцох ёстой гэж бодож байна. 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

-Ардчилсан нам бүх зүйл буруутай болоод явчихлаа. Сүүлийн хоёр парламент МАН эрх баригч байхад АН-ын буруу, Ерөнхийлөгчийн буруу болоод явчихлаа. Энэ бол АН буруугүй, Ерөнхийлөгч буруугүй зүгээр л МАН-ынхны албан тушаалын тэмцэл, зохион байгуулалттай сериал. Ардчилсан намын зөрчилдөөн ил байдаг. Харин МАН-ынхан дотор албан тушаал эрх мэдлийн маш том зөрчлийн илрэл, тавилттай жүжиг гэж бодож байна. Манай улстөрчид анх удаа ийм зүйл харж байгаа юм шиг ярих хэрэггүй, амьдрал дээр хөрсөн дээр буумаар байна. Төрөх эмнэлгүүдээ очиж харцгаа, сумын төвийн төрөх эмнэлгийг харах хэрэгтэй та. Битгий жүжиг тавь. У.Хүрэлсүх зургаан сарын өмнө ард түмний итгэлий авч сонгогдоод, одоо хариуцлагаас зугатааж байгаа мэт үйлдэл гаргаж болохгүй гэж бодож байна. Цар тахлын эсрэг танай Засгийн газар сайн ажилласан. Гэхдээ гадаадад байгаа ажиллаж, амьдарч байгаа иргэдээ монголчууддаа нэг даргын нэг жийпний үнэ л төсөвлөсөн. Монголчууддаа ингэж хандаж болохгүй. Дипломат төлөөлөгчийн газартаа төсөв тусгаж өгөөгүй, хэмнэсэн мөнгийг нь та нар татаж авсан. Энэ асуудал дээр гомдолтой байна. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө нүд цавчилгүй ажиллана гэсэн ч цөөн хэдэн хүний үйлдлээс бол Монгол төрийн нэр сэвтэж байна. Цар тахлын үед эрүүл мэндээ золиосолсон мянга, мянган төрийн албан хаагчдыг баллуурдлаа. Энэ тахимаас хариуцлага, сахилга эхлэх ёстойг эхлүүлж байна. Монгол төрийн тэргүүн орж ирээд шүүхийн тогтоол уншив уу, би гайхлаа. Ерөнхий сайд, Хууль зүйн сайд нь жагсаалд  төрийн институцийн хувьд оролцосон гэж нотолгоотой, баталгаатай мэдэгдэл хийсэн. Би бол Монгол ялаагүй, ялагдсан юм байна гэж бодож байна. Чоно борооноор гэдэг шиг улс төрийн ашиг хонжоог харж байгаа ийм нөхцөл байдлыг бий болгож байгаад би харамсч байна.  Бид Үндсэн хуульдаа өөрчлөлт хийгээд, бэх нь хатаагүй байна. Шүүхийн хууль, Авлигын хуулиудыг дохио зангаагаар ажиллуулдыг болиулахаар хууль баталсан ч хориг тавиад буцааж байна. Тиймээс шударга ёсны төлөөх тэмцэл үргэлжилж, үргэлжлүүлж, эрчимжүүлэх ёстой юм байна гэдгийг Ерөнхий сайдад хэлмээр байна. Энэ тэмцэл цаашид үргэлжлэх ёстойг ойлгож, мэдэрч байна. Бидний тусгаар тогтнол, аюулгүй байдал их эмзэг байна. 

УИХ-ын гишүүн С.Батболд:

-Би үг хэлнэ гэж бодоогүй байсан ч Монгол Улсын эв нэгдлийг эрэлхийлэгч хүн УИХ-ын индер дээрээс намайг Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор гүтгэлээ. Энэ гэрээг байгуулахад би Ерөнхий сайдаар ажиллаагүй. Манай Засгийн газар зээлийн хүүг бууруулах, давхар татварын гэрээг 20 хувь болгож өөрчилсөн өөрчлөлтийг гэрээнд тусгасан. Харин төрийн ажил хийж байхдаа засгийн ажилд нөлөөлж, төмөр замын далан зэрэг олон ажлыг хийлгэж байгаагүй, би. Монгол төр нээлттэй, хариуцлагатай байж, хардаж, нээлттэй шалгаж, ард түмэндээ мэдээлэх ёстой. Хариуцлага алдсан бол хариуцлагаа үүрдэг байх асуудал ус агаар шиг хэрэгтэйг гэдгийг харуулж байна. Би төрөөс хулгай хийх шаардлагагүй. Өнөөдөр үдээстэй байсан амыг нээх боломжийг олгож байгаад талархаж байна. Ичсэн хүн хүн ална, өөрсөө алдаагаа дүгнэхийн оронд бусад руу чихэж, гүтгэж байгаад харамсч байна. Гадны бизнесментэй холбож, гадны хувийн байгууллагаар хийж, гадны шүүхээр хийлгэж, харлуулах бохир технологийг хаанаас явуулж байгаа нь ойлгомжтой болж байна. Бид өнөөдөр тусгаар улс, өөрийн гэсэн хуулийн байгууллагатай улс. Өнөөдөр бид хуулийн байгууллагаа хараат бус байлгах ийм хариуцлагатай үед Засгийн газрын тэргүүн хариуцлагатай, ухамсартай хандаж байгаад талархаж байна. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-Цаашид ийм асуудал дээр Ерөнхийлөгчийг оруулж ирдэг зохицуулалт хийх ёстой. ҮАБЗ-ийн хоёр гишүүний хоёр байр суурь өөр байна. Өчигдрийн жагсаал бол нийгэмд салхи авчирсан жагсаал болсон. Залуу үе хүний эрхийг дээдэлж, ардчиллын төлөө тэмцэж, авч явах юм байна гэсэн итгэл төрлөө. Иргэд гадаадад гацсан, оруулж ирий гэсэн таг, мөлгөр тайлбар хийсээр яваад өдийг хүрэв. Өчигдөр болсон тайван жагсаал бол төр чадваргүй, сэтгэлгүй олон жил явсан хүмүүс төр лүү орж ирж байна гэдгийг олон жил бид ярьсан, тэр нь одоо илэрч байна. Ах намуудаа цаашид намын хатуу гишүүнчлэлээр битгий оролцоорой. Ерөнхийлөгч ард түмний үймээн самуунд уриалсан гэж тодорхой мэдээллээ. Үүнийгээ нотлоорой. Хэрэв ингэсэн бол Ерөнхийлөгчид хариуцлага тооцох асуудлыг ХҮН-ын даргын хувьд тавих болно.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:

-2021 оны Ерөнхийлөгчийн салхи сэвэлзэж эхэллээ гэж харж байна. Монголчууд бид өнөөдөр загасны ой санамжтай биш. 2018 онд М.Энхболдыг огцруулсан, Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулж байсан, УИХ-ын шударга таван гишүүний жагсаал гээд шударга ёсыг тогтоох үйл явдлын манлайлагч нь У.Хүрэлсүх байсан. Өнөөдөр У.Хүрэлсүхийг би эх оронч гэж боддог байсан ч гадаадын сүр хүч ямар аймшигтай юм бэ гэж бодож байна. Харамсалтай байна. Энэ хүнийг Монгол Улсыг энэ хүнд цаг үед төрийн том үүрэг хүлээсэн гэж бодож байсан. Гэтэл ҮАБЗ-ийн гурван гишүүн тулгын гурван чулуу шиг шударга ёсны төлөө атгасан гар шиг ажиллана гэсэн чинь яасан бэ. Улс төр гэж ийм байдаг юм уу, У.Хүрэлсүх жудаггүй хүн юм уу.

Ингээд гишүүд үг хэлж, асуулт асуусны дараа байнгын хорооны дэмжсэн Монгол Улсын Засгийн газар огцрох хүсэлтийг дэмжиж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 60 гишүүн буюу 95,2 хувийн санадаар дэмжив. 

Ингээд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцорсонд тооцож, шинэ Ерөнхий сайд томилогдтол үүрэгт ажлаа хийхийг УИХ-ын тогтоолд тусгав. 

Үүгээр УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөв

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн