АМГТ: А-92 бензиний үнийг 1450 төгрөгт барьж, үнийг өсгөхгүй

 АМГТ: А-92 бензиний үнийг 1450 төгрөгт барьж, үнийг өсгөхгүй

Ашигт малтмалын газрын тосны газраас шатахууны үнэтэй холбоотой асуудлаар өнөөдөр /2021.01.18/ мэдээлэл хийлээ. Тус газраас  шатахууны үнийг тогтвортой барих чиглэлээр ажиллаж буйг мэдээлэв.

Өнгөрсөн оны зургадугаар сараас эхлэн дэлхийн зах зээл дээрх түүхий тосны үнэ нэмэгдэж эхэлсэн бөгөөд 2021 оны нэгдүгээр улирлын байдлаар 56 ам.долларт хүрсэн байна. ОХУ-аас манай улсад нийлүүлэх шатахуун энэ оны нэгдүгээр сарын хил үнэ тонн тутамдаа 58 ам.доллараар нэмэгдсэн ч Засгийн газрын байгуулсан “Эрчис ойл” компани аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөж шатахууны үнийг тогтвортой  барихад анхаарч байгаа аж.

ШАТАХУУНЫ ҮНЭ НЭМСЭН ААН-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООХ ХҮРТЭЛ АРГА ХЭМЖЭЭ АВНА

Энэ жил түүхий тосны үнэ 40-57 ам.долларт хүрэх төлөвтэй байна. Хоёр дахь улирлаас хэвийн төвшиндөө очно гэсэн судалгааг хийсэн байна. Түүхий тосны үнэ 2020 оны дөрөвдүгээр сард 18.5 ам.доллар буюу хамгийн бага төвшинд хүрсэн. Харин зургадугаар сараас эхлэн үнэ нь нэмэгдэж өнөөдрийн байдлаар 56 ам.долларт хүрсэн байна. Цар тахлын нөлөөгөөр иргэдийн орлого буурсан, аж ахуй нэгжүүд хямарсан , газрын тосны үнэ тогтворгүй байгаа ч шатахууны үнийг тогтвортой барихаар ажиллаж байна.

Эдийн засаг хямарсан энэ үед иргэдийн нуруунд хүнд ачаа үүрүүлэхгүй байхад анхаарч, А-92 шатахууныг өсгөхгүй байх арга хэмжээг авна.Одоогийн үнэ буюу 1450 төгрөгт барьж ажиллана гэсэн үг. Бусад шатахууны үнэ гадаад зах зээлийн үнээр өсөлт нэмэгднэ.  

Монгол Улсын хувьд шатахууны үнэ гадаад зах зээлээс хамаардаг ч Засгийн газар 2020 онд “Эрчис ойл” төрийн өмчит компанийг үүсгэн байгуулж, өнгөрсөн оны тавдугаар сард үнэ тогтворжуулах ажлыг анх удаа хийсэн.Үүнд төрөөс нэг ч төгрөгийн санхүүжилт, татварын хөнгөлөлт үзүүлээгүй. Одоо өрийн өртөг нь АИ92 1540 төгрөг байна. Үүнд аж ахуйн нэгжийн ашиг ороогүй. Тиймээс 150-200 төгрөгөөр литр тутамдаа нэмэгдэнэ. Гадаад зах зээлээс шалтгаалсан үнийн өсөлт дээр салбар яам, Засгийн газар арга хэмжээ авахаар ажиллаж байна. Томоохон аж ахуйн нэгжүүдтэй уулзалт хийж байна. АИ92 шатахууны үнийг өсгөхгүй, тодорхой хугацаанд барьж ажиллана. Хэрэв шатахууны үнийг аж ахуй нэгжүүд нэмсэн зөрчил гаргавал үйл ажиллагааг нь түдгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авна  гэлээ. 

Шатахууны үнэ өнгөрсөн оны нэгдүгээр сард шатахууны үнэ литр тутамдаа 475 төгрөгөөр буурч 1830-1400 төгрөгт хүрчээ.Өнөөдрийн байдлаар А-92 шатахууны үнэ литр тутамдаа 1450 төгрөгийн үнэтэй байна. Бусад шатахууны үнэ өсөлтийн дагуу өсч байгааг АМГТГ-аас мэдээлэв. Тус газраас өнөөдрийн байдлаар шатахууны нөөц хэвийн байгааг тодотгов.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн