Covid-19 халдвар 39 хүнээс илэрснээс 38 нь Баянзүрхийн голомтоос батлагдав

 Covid-19 халдвар 39 хүнээс илэрснээс 38 нь Баянзүрхийн голомтоос батлагдав

Эрүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх өнөөдрийн (2020.12.27) мэдээллээ хийлээ.


ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-ХӨСҮТ-ийн Вирус судлалын гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн салбар лабораторид арванхоёрдугаар сарын 27-ны 11:00 цагийн байдлаар нийт 14646 сорьцод шинжилгээ хийхэд 39 хүнээс Сovid-19 илэрлээ. Тэдний 38 нь Баянзүрхийн дэгдэлттэй холбоотой бол үлдсэн нэг нь Франкфуртийн нислэгээр ирсэн хүн.

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт гарсан халдвартай холбоотойгоор тусгаарлагдсан хүмүүсээс давтан шинжилгээгээр 38 хүнээс Сovid-19 илэрлээ. Нийтдээ Баянзүрх дүүргийн голомттой холбоотой 184 халдварын тохиолдол баталгаажаад байна.

Монгол Улсад Covid-19 халдварын батлагдсан 1121 тохиолдол бүртгэгдсэнээс зөөвөрлөгдсөн 394 тохиолдол байна. Эдгэрсэн 711, эмчлэгдэж байгаа 400 тохиолдлын дотор хөнгөн 336, хүндэвтэр 54, хүнд 7, маш хүнд 3 хүн байгаа. Мөн нутаг буцсан 9 хүн бий.

  • Улаанбаатар хотод шинээр 38, нийт тохиолдол 330
  • Сэлэнгэд нэмж илрээгүй, нийт тохиолдол 216
  • Дорноговьд нэмж илрээгүй, нийт тохиолдол 32
  • Орхонд нэмж илрээгүй, нийт тохиолдол 25
  • Дархан-Уулд нэмж илрээгүй, нийт тохиолдол 45
  • Говьсүмбэрт нэмж илрээгүй, нийт тохиолдол 4
  • Архангайд нэмж илрээгүй, нийт тохиолдол 3
  • Зөөвөрлөгдсөн нийт тохиолдол 394

Өнөөдрийн 38 тохиолдлын гурав нь эмч, 30 нь гэр бүлийн хавьтал, 5 нь өвчтөнүүд байна. Харин Баянзүрхийн нийт тохиолдлын 82 нь өвчтөн, 24 нь сахиур, 19 нь эмч, эмнэлгийн ажилтан, 28 нь гэр бүлийн хавьтлууд байна.

Хавдар судлалын үндэсний төвийн хавьтлуудын шинжилгээ 80, 90 хувьтай хийгдээд байна. Одоогоор халдвар илрээгүй байна. Баянзүрхийн голомтын ойрын болон хоёрдахь хавьтлуудын гуравдахь ээлжийн шинжилгээг эхлүүлнэ. Том голомтуудын дараагаар иргэдийн дунд алаг цоог хэлбэрээр халдвар тархах эрсдэл өндөр байгаа.

Хавдар судлалын эмч нар маск сайн зүүж байсан учир өвчтөнүүддээ халдвар тараагаагүй байна. Тиймээс маскаа сайн зүүгээрэй. Гэр бүлдээ гадна дотны хүн цуглуулалгүй, баяр наадмаа энэ жилдээ хойшлуулж ирэх жил тэмдэглээрэй.

ЭМЯ-ны Хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

-Тохиолдолд суурилсан буюу хавьтал хүмүүсийг, дараа нь эмнэлэгт суурилсан буюу эмнэлэгт хэвтэж буй хүмүүсийг, гуравт нь лабараторид суурилсан гэсэн гурван төрлийн тандалт судалгаа хийж байна. Улсын хэмжээнд 443 мянга гаруй хүн шинжилгээнд хамрагдаад байна. Баянзүрх дүүргийн 42 мянган иргэн сүүлийн өдрүүдэд шинжилгээнд хамрагдлаа.

Гашуун Сухайтад 76 жолоочоос шинжилгээ авахад бүгд сөрөг гарчээ. Дэлхий дахинд тэр дундаа ОХУ-д халдварын эрч өндөр байна. Сүүлийн үед мутацид орсон вирус анхаарал татаж байна. Японд мутацид орсон вирусээс өвчилсөн хүмүүс илэрсэн. Европын орнууд дотроос Норвеги, Швед зэрэг улсуудаас мутацид орсон вирусээр өвчилсөн хүмүүс мөн илэрсэн.

Монгол Улсад хүнсний хангамж хангалттай байгаа учир гадуур бөөгнөрөл үүсгэхгүй байхыг анхааруулж байна. Аль болох нийтийн тээврээр зорчихгүй байх. Зорчвол суудал алгасалж суудалд суун, халдвар хамгаалалтын дэглэмээ бариарай.

Холбоотой мэдээ