ЭМЯ: Баянзүрх дүүргийн эмнэлэгт халдвар голомтлон гарч байна

 ЭМЯ: Баянзүрх дүүргийн эмнэлэгт халдвар голомтлон гарч байна

Эрүүл мэндийн яамнаас Covid-19-ийн нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээллээ (2020.12.18) хийж байна. Өчигдөр (2020.12.17) нийт 9070 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс 18 хүнээс Covid-19 илэрсэн талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.

АГААР ДУСЛЫН ХАЛДВАР ХААНА Ч БАЙЖ БОЛНО, ХААНААС Ч ХАЛДВАР ГАРАХ ЭРСДЭЛ ӨНДӨР

Тэрбээр “2020 оны арванхоёрдугаар сарын 17-нд буюу өчигдөр Улаанбаатар хот болон орон нутаг дахь лабораториудад нийт 9070 хүнд шинжилгээ хийхэд 18 хүнээс Covid-19 илэрлээ. Эдгээр 18 тохиолдол бүгд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс илэрсэн.  Ийнхүү Баянзүрх дүүргийн эмнэлэгт үүссэн голомтоос Covid-19 авсан хүний тоо 20 болж нэмэгдлээ.

Тус дүүргийн эмнэлэгт батлагдсан эхний тохиолдлууд халдвар гарч байсан голомт бүхий газарт амьдардаг бөгөөд тухайн бүс нутгаас эхтэй халдварын голомт үүссэн байх магадлал өндөр байна. Гэхдээ үргэлжлүүлэн хавьтлыг тандан судлах ажил үргэлжилж байна. Халдварын батлагдсан 20 тохиолдлын ойрын болон хоёрдогч хавьтал болох 645 хүнийг олж тогтоосон. 266 хүнийг тусгаарлан ажиглах байранд тусгаарласан. 469 хүнийг гэрийн ажиглалтад байлгаж байна. Эхний 469 хүнд хийсэн хавьтлын шинжилгээгээр халдвар илрээгүй. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт эмч, ажилчид, өвчтөнүүд, сахиур гээд нийт 379 хүнийг тусгаарлан ажиглаж байна.

Ард иргэд айж, сандрах хэрэггүй. Халдваруудыг хяналтад авч тусгаарлах ажлыг хийж байна. Халдварын эх уурхайг цар тахлын үед тэрнээс, үүнээс халдвар авсан гэж тогтоодоггүй. Агаар дуслын халдвар хаана ч байж болно. Хаанаас ч халдвар гарах эрсдэл өндөр. Тийм учраас ард иргэд халдвар, хамгааллын горимоо ягштал баримтлах шаардлагатай. Голомтын цар хүрээг хянахад ард иргэдийн хариуцлагатай байдал хамгийн чухал.

Улсын хэмжээнд гарсан голомтуудад нийтдээ 488 тохиолдол бүртгэгдсэн. Нийт өссөн дүнгээр хэлбэл,

Улаанбаатарт 163

Сэлэнгэ аймагт 216

Орхон аймагт 25

Дархан-Уул аймагт 45

Дорноговь аймагт 32

Говьсүмбэр аймагт 4

Архангай аймагт 3

Монгол Улсад Covid-19-ийн батлагдсан нийт тохиолдол 941, үүнээс 473 буюу 50.2 хувь нь эдгэрсэн” гэлээ.

ГАШУУНСУХАЙТ БООМТОД НИЙТ 270 ТЭЭВРИЙН ЖОЛООЧИД ШИНЖИЛГЭЭ ХИЙХЭД ХАЛДВАР ИЛРЭЭГҮЙ

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

-Баянзүрх дүүргийн эмнэлэгт халдвар голомтлон гарч байна. Улсын хэмжээнд оношилгооны цэгээр 399329 хүн үйлчлүүлж, Covid-19 илрүүлэх шинжилгээнд хамрагдсан байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд ЗӨСҮТ-ийн өвчин судлалын баг Сэлэнгэ аймаг болон нийслэлд халдвар гарсан газруудын 30 объектын 5375 метр квадрат талбайг ариутгасан. Гашуунсухайт боомтод нийт 270 тээврийн жолоочид шинжилгээ хийхэд халдвар илрээгүй.

Холбоотой мэдээ